С.Баярцогт: Эрүүгийн хэрэг үүсгэх тэр үед би чимээгүй байх нь улс төрийн хувьд Элбэгээ Ерөнхийлөгчид хэрэгтэй гэж бодсон

Bayartsogt-11УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нийтлэлч Г.Отгонбаярт ярилцлага өгчээ. Сэтгүүлч түүнээс “-Ер нь оффшор дансанд монгол хүн, тэр дундаа төрийн өндөр алба хашиж байгаа хүн мөнгө хийж болохгүй гэсэн хууль бий юү? хэмээн асуухад тэрбээр “-Байхгүй. Эдийн засгийн талаасаа ч тийм зүйл байхгүй. Би Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тэр компанийнхаа нэрийг бичээгүй учраас л өөрийнхөө саналаар ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн. Тэрнээс биш, орлогоо нуусан юм ерөөсөө байхгүй. Надад бүр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Би 2008-2012 онд УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар дөрвөн жил ямар ч хэл амгүй ажилласан. Гэтэл энэнээс хамаагүй өмнө нээсэн энэ компанийн асуудал таван жилийн дараа гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, би таван жилийн өмнөх үйл явдлын төлөө хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргын албаа өгсөн. Гэтэл зарим хүн илүү юм шаардсан. Шалга, АТГ-т өгөх хэрэгтэй гэсэн. УИХ-ын зарим гишүүн тэгж шаардсан, МАН-ынхан ч хөгжөөсөн. Сүүлдээ, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ид үеэр хүчээ авч надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэсэн хоёр заалт нь хоёулаа хууль зөрчсөн байсан. Нэг нь, үндэслэлгүй хөрөнгөжсөн, нөгөө нь бусдаас эд хөрөнгө авч улсыг хохироосон гэсэн үндэслэл. Найман сар шалгасан, болсон бүх процессыг би бичиж, дансны хуулгаа ч өгсөн. Гурван найз маань гурвуулаа очиж байцаалт өгсөн. Ингээд найман сарын дараа үүсгэсэн эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болголоо гэж бичгээр мэдэгдсэн.”  гэжээ.

– Сонгуулийн өнгө аяс жаахан орчихож дээ, тийм ээ?

– Тэгсэн, эрүүгийн хэрэг үүсгэх тэр үед би чимээгүй байх нь улс төрийн хувьд Элбэгээ Ерөнхийлөгчид хэрэгтэй гэж бодсон. Тэрнээс биш, хэлмэгдүүллээ гээд явбал явж болох л байсан. Дараа нь би УИХ-ын Ёс зүйн хороогоор орсон. Гишүүд “чи яагаад Хятадын Монгол гэсэн юм. Хариуцлагагүй байна” гэсэн. Тэгэхээр нь би, нөгөө компани руу нь хандаж, “Та нарын буруугаас болж би эвгүй байдалд ороод байна, энийгээ тайлбарлаач” гэсэн. Тэр компани нь “манай ажилтан Mongolia, China гэж бичдэг нь бидний буруу. Таныг эвгүй байдалд оруулсан бол уучлаарай” гэж бичиг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, маягтны банкны ажилтны бөглөх хэсэг дээр Хонгконгт бүртгэлтэй салбар компанийн ажилтнууд нь Өвөрмонголыг тэгж бичдэг юм байна л даа. Тэр тухайгаа надад албан бичгээр ирүүлж түүнийг нь би гишүүдэд үндсэн эхээр нь үзүүлсэн. Яахав дээ, учрыг нь сайн ойлгоогүй, дөрвөн хүн нийлж хийснийг нь мэдээгүй зарим хүнд анх сонсоход сая доллар, тэгээд оффшор данс гэхээр сүртэй л сонсогдсон шиг байгаа юм .

Та энэ асуудалтай холбогдуулаад Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгт ярилцлага өгөхдөө “Би алдаагаа ойлгож байна. Ямар нэгэн хариуцлага хүлээхээс айхгүй байна. Харин гэр бүлдээ санаа зовж байна” гэж хэлсэн байсан. Харин энэ нь өөрийгөө аймар том гэмт хэрэгт холбогдсон мэт ойлгуулсан юм биш үү. Та яг ямар утгаар гэр бүлдээ санаа зовж байна гэсэн юм бэ?

– 2012 онд аав, ээж хоёр маань хүнд өвдсөн. Хоёулаа хавдар авахуулсан. Аавын химийн эмчилгээг 2013 оны хоёрдугаар сард, Цагаан сарын үеэр Сөүлд хийсэн. Бид бүгдээрээ тэнд байсан. Аав ч хүнд байсан. Би УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан учраас тэндээсээ ажлын хэсэг ахлаад хууль, хүчний байгууллагын олон хүнийг аваад Америк явсан. Тэгж явах үед энэ асуудал сөхөгдөж таарсан. Энэ мэдээ бие нь муу байгаа аав, ээж хоёрт маань их хүнд, сэтгэл зүйн дарамт болж очих нь ойлгомжтой. Би тэрийгээ л хэлсэн. Аав, ээж минь миний хамгийн үнэтэй хүмүүс учраас гэр бүлдээ санаа зовж байнаа л гэсэн. Уг нь би Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гэж хоёр хүнтэй уулзсан. Уулзаад компаниа яаж байгуулсан, яагаад хааж амжаагүй, мөнгөө хэзээ авсан гэдгээ бүгдийг дэлгэрэнгүй ярьж өгсөн. Тэр хоёр хүнийг миний ярьсныг бичнэ, цааш нь тараана гэж бодоогүй. Тэр хоёр ч надтай ярилцаж байхдаа ямар нэгэн тэмдэглэл хийгээгүй. Ингэж уулзсан нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр. Намайг дөрөвдүгээр сарын 4-нд Монголд ирэхэд энэ тухай мэдээлэл бүхий л олон улсын хэвлэлд гарсан байсан. УИХ-ын чуулган эхлэхээс нэг хоногийн өмнө шүү дээ. Би ирсэн өдрөө гэртээ амраад маргааш нь УИХ-ын дарга Энхболд дээр явж очоод үнэнээ хэлсэн. Энхболд дарга “тэгээд чи яах гэж байна” гэсэн. Би “УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгье. Монголоо муухай харагдуулж байна, Монгол ардчилсан улс юм байна, арга хэмжээ авдаг юм байна гэдгийг олон улсад мэдрүүлье” гэсэн. Энэ тухайгаа Ерөнхийлөгчид бас хэлсэн. Элбэгээ Ерөнхийлөгч “хэвлэлд гарсныг уншлаа. Чи үнэнээ л ярь” гэсэн. Намайг хэвлэлийн бага хурал хийхэд уг нь сэтгүүлчид ойлгож хүлээж авсан. Гэтэл зарим хүн л сүр дуулиан болоод скандал дэлгээд явчихсан. Өө, Хятадын Монгол гэсэн байна, Швейцарийн банк байна, нууц данс, оффшор гээд явчихсан. Их ч сүр оруулсан л даа. Тэр үед надад аав ээжийгээ асрах, дэргэд нь байхаас өөр юу ч бодогдоогүй. Учир нь олдоно биз л гэж бодсон. Дараа нь Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөс майл ирсэн. “Тантай уулзсаны дараа бид таны нэрийг хасчихъя гэсэн. Даанч олон улсын арга хэмжээ байсан учраас болсонгүй. Та ямар ч буруугүй юм чинь өөрөө тайлбарлаад ойлгуулаад гарчих байх аа. Танд амжилт хүсье” гэсэн байсан. Гишүүд, сэтгүүлч нарт би энэ бичгийг нь бас үзүүлсэн. Гэхдээ л энэ яриа яваад л байгаа. Яваад ч гэж дээ, нэр бүхий хүмүүс л зориуд явуулаад байгаа юм. Би ер нь нэг зарчим баримталдаг. Манай Монгол жижиг эдийн засагтай, мөнгө багатай улс. Харин дэлхийд бол мөнгө их. Тийм учраас Монголдоо бий болгосон баялаг, мөнгийг би хэзээ ч гадаадад гаргахгүй. Гадаадад сурч, амьдрахдаа тэнд зарах мөнгөө тэндээсээ л олно. Олсноо харин Монголдоо авчрах суурь хүмүүжилтэй хүн л дээ, би. Тэр утгаараа би их залуугаасаа, оюутан байхаасаа л ажил хийж эхэлсэн.” гэхчлэн ярьсан байна.

Эх сурвалж: http://horom.mn/

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …