Нигерийн зүүн хойд хэсгийн Дамасак хотоос 500 орчим бага насны хүүхэд сураггүй болжээ. Оршин суугчдын мэдээлснээр хүүхдүүдийг “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийн дайчид барьцаалан авч одсон гэнэ. Нигери, Чад улсын хамтарсан армийн цэргүүдэд ялагдан Дамасак хотоос шахан зайлуулагдсан “Боко Харам” бүлэглэлийн зэвсэгт дайчид зугтахдаа хүүхдүүдийг барьцаалан авч явсан аж. Борно мужийн албаныхан олон зуун хүүхэд исламын хэт даврагчдын гарт барьцаалагдсаныг баталсан байна.
Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт Дамасак хотын ойролцоох гүүрний дороос 70 гаруй хүний зэрэмдэглэсэн цогцос олдсон байна. Борно мужийн албаныхан хохирогчдыг исламын хэт даврагчдын гарт амь үрэгдсэн энгийн иргэд хэмээн үзжээ. Дамасак нь Нигер улсын хилийн ойролцоо орших худалдааны хот аж.
“Боко Харам” бүлэглэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Чибок хотоос 200 орчим сурагч охидыг барьцаалан авч явснаар дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Тус бүлэглэл Сири, Иракийн газар нутгийн ихэнхи хэсгийг эзэлсэн “Исламын улс” бүлэглэлтэй нэгдсэн билээ.