150 зорчигчтой Germanwings компанийн онгоц осолдсон Альпийн нурууунд Герман, Франц, Испани улсын төрийн тэргүүнүүд очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Ангела Меркел, Франсуа Олланд, Мариано Ражой нар аврах ажиллагаатай танилцаж, нийт ажилтнуудад талархлаа илэрхийлсэн байна. Онгоцны хар хайрцагнуудын нэг нь Дигний ойролцоогоос олдсон аж. Барселоноос Дусселдорф хүрэхээр зорчиж явсан 4U 9525 нислэгийн Airbus A320 онгоц нь ердөө найман минутын дотор доош унасан гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ. Germanwings компанийн захирал Томас Винкелманы мэдэгдсэнээр, онгоцонд байсан 144 зорчигчийн 72 нь Герман, 35 нь Испанийн иргэн байжээ. Мөн Герман зорчигчдын дотор сурагч солилцооны хөтөлбөрөөр аялаад буцаж явсан 16 хүүхэд байсан аж.
Түүнчлэн онгоцонд Британийн гурван иргэн байсан тухай тус улсын Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Филип Хэммонд мэдэгдсэн юм. Харин бусад зорчигчид нь Австрали, Аргентин, Иран, Венесуэль, АНУ, Нидерланд, Колумби, Мексик, Япон, Дани болон Израйл улсын иргэд байжээ.
Нисдэг тэрэгтэй аврах багийнхан Мягмар гаригт онгоцны бүхээгээс олсон дуу хураагч нь гэмтсэн байсан ч, мэдээлэл авах боломж байгаа гэдгийг Францын Дотоод хэргийн сайд Бернард Казенев мэдэгдсэн юм. Мөн шалгалт судалгааны багийнхан нислэгийн мэдээллийг бичигч хоёр дахь хар хайрцгийг одоо болтол хайж байгаа аж.