Ерөнхийлөгчийн Тамгын газар, JCI Монгол байгууллага харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав

600x600Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, JCI Монгол байгууллага харилцан ойлголцлын Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Уг Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, JCI Монгол байгууллагын 2015 оны Үндэсний Ерөнхийлөгч Г.Баярхүү нар гарын үсэг зурсан юм. Санамж бичгийг хоёр тал урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн үндэс болгон байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн бодлогод иргэд санаачилгатай, эерэг өөрчлөлтөд манлайлагч байхыг дэмжсэн үзэл санаа тусч хэрэгжиж ирснийг JCI Монгол байгууллага дэмжиж, үндэсний байгууллагын хэмжээнд хэрэгжүүлдэг төслүүдээрээ дамжуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болсноо энэ үеэр илэрхийлэв.


Гарын үсэг зурсан Санамж бичигт үндэслэн JCI Монгол байгууллага  нь 2015 онд “Эерэг сэтгэлгээний давалгаа” буюу  Positive Mind төсөл, “Инээмсэглэх Монгол” төслийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Таван жилийн турш хэрэгжих “Эерэг сэтгэлгээний давалгаа” төсөл нь ид төлөвшиж байгаа өсвөр насныхан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан хувь хүний зан төлөв, зөв хүмүүжил, нийгэмшилд чиглэсэн сэдвүүдээр сургалтын стандарт бий болгох чиглэлтэй юм байна. “Инээмсэглэх Монгол” төсөл нь олноороо нийгэмшиж амьдарч сурах, бусдын амьдралын хэм хэмжээг зөрчихгүй байх соёл тогтоох зорилгыг агуулжээ. Уг төслийн хүрээнд “Найрсаг Улаанбаатар” арга хэмжээтэй хамтран ажиллахаар болсон байна.

JCI байгууллага нь дэлхий нийтэд 100 жилийн ажлын туршлагатай, НҮБ-д зөвлөх эрхтэй, дэлхийн 120 оронд салбартай, нэг сая илүү гишүүнтэй байгууллага юм. JCI Монгол байгууллагын хувьд 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 18-40 насны 660 гаруй гишүүнийг нэгтгэдэг юм байна. Бизнесийн хүрээнийхэн болон төрийн албан хаагч, оюутан залуус тэдний нэлээд хувийг бүрдүүлж, идэвхтэй иргэдийн байгууллага болжээ.  Тус байгууллага 2017 онд JCI байгууллагын томоохон хурлыг Монголд хийлгэх эрх авахын төлөө ажиллаж байгаа ажээ.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “JCI Монгол байгууллага 20 гаруй жил ажиллахдаа нийгэмд эерэг, шинэ урсгал авчирсан. Энэ байгууллага 2 жилийн дараа Монголд JCI –ийн том чуулга уулзалтыг хийлгэхээр санаачлаад байна гэдэг нь JCI Монгол байгууллагын үе үеийн удирдлага, тэнд ажиллаж байсан хүмүүсийн ажлын үр дүнг бусад улсын JCI байгууллагууд хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл байх гэж бодож байна. Тэр хүмүүст талархал илэрхийлье.

Нийгэмд эерэг чиг хандлагыг дэмжих нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг. Түүнд туслах нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын үүрэг юм.

Хүн бол хамгийн төгс төгөлдөр дамжуулагч гэж үздэг. Хүн юу бодож долгион цацна, буцаагаад тийм долгион хүлээж авдаг гэж уншиж байсан. Монголын хүүхэд багачууд багаасаа эерэг сэтгэлгээтэй болох юм бол эерэг долгион хүлээж авдаг болж улс орны хөгжилд ч эерэгээр нөлөөлнө. Хүлээцтэй, тэвчээртэй, бие биеэ хүндэтгэдэг соёлтой, гэрэл гэгээтэй ирээдүй рүү явах нь  хүүхэд, залуу үед маш чухал. Эерэг уур амьсгал, эерэг сэтгэлгээний давалгааг төрүүлэхүйц ажил хийж, үр дүнд хүрэхийг та бүхэнд хүсэн ерөөе. Бид та бүхний ажлыг дэмжинэ. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гээд аливаа ажилд тооноос илүү чанар чухал гэдгийг анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …