Өглөө 07:00 цагаас эхэлсэн сонгуулийн санал хураах ажил үргэлжилж байна. Гэвч энэ хугацаанд иргэдийн зүгээс хэд хэдэн гомдлыг манай сайтад ирүүллээ. Тухайлбал, 11:30 цагийн орчимд Нисэхт байрлах Өлзийт хорооллын орчим Морингийн даваанд Сонгуулийн Ерөнхий хороо гэсэн хаяг, логотой автобус дотроо дүүрэн хүн ачсан байдалтайгаар нийслэл хот руу орж байна гэсэн мэдээллийг тус газарт замын хөдөлгөөнд оролцож явсан нэгэн иргэн мэдээллээ.
Мөн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо буюу Гэмтлийн эмнэлгийг хойд талын гэр хороололд суудлын болон микро автобусууд гудамжинд явж байгаа иргэдтэй уулзаж, санал авах байрууд руу хүн зөөж байна гэсэн мэдээлэл дөнгөж сая бидэнд ирлээ. Тус мэдээллийг өгсөн БГД-ийн 21 дүгээр хорооны иргэнтэй бид утсаар холбогдож дараах мэдээллийг авлаа.
– Микро болон суудлын автомашинаар хүн зөөж байна гэсэн мэдээлэл өглөө. Та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
– “Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд харъяалагдах энэ газарт чиглэл байдаггүй, микро явдаггүй газар. Гэтэл гэнэт өнөөдөр 3 микро автобус гарч ирээд 21-р хороо гэсэн чиглэл биччихээд дээшээ доошоо сонгуулийн санал хураах 2 байрны дунд хүн зөөж яваад байна. Энэ хавиар явж байгаа хүмүүсийг дуудаж уулзаад шивэгнээд зогсоод байна. Би сая хажууд нь очсон чинь явчихлаа. Хүн зөөж байгаа машинуудыг нэрлэвэл 52-85 УБС гэсэн улсын дугаартай микро өглөөгүүр энүүгээр ширүүхэн яваад байсан одоогоор байхгүй байна. Одоо энд 91-03 УНЛ дугаартай хүрэн микро, 72-40 гэсэн дугаартай саарал микронууд хүн зөөсөөр байна. Бас жижиг суудлын автомашин гудамжинд явж байгаа хүмүүсийг суулгаад олон удаа дээшээ доошоо явж байна. Бас 00-05 гэсэн улсын дугаартай хар lexus машинтай ахимаг насны эмэгтэй хүн зөөсөөр байна” гэлээ. Бид энэ талаар баримт, зурагтайгаар эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: www.aravt.mn