Оросын хувьсгалын Их удирдагч В.И.Лениний цогцосыг хэрхэн “заншаншуулсан” вэ?”

Лениний шарилыг анх бальзамжуулсан хүн бол академич Алексей Абрикосов байв. Тэрээр аортын судсаар нь 6 литр спирт, формальдегид, глицериний холимог уусмалыг шахаж оруулсан байна. Энэ нь нас барагсдад хийдэг стандарт ажиллагаа бөгөөд салах ёс гүйцэтгэх хугацааг хамгийн ихдээ зургаан хоногоор сунгах, мөн задлан шинжилгээг яаралгүй хийж, үхлийн шалтгааныг тогтоох боломж олгодог байжээ.
Энэ ажлын явцад Лениний олон дотоод эрхтэн, түүний дотор тархийг нь авсан байна. Задлангийн дүгнэлтэд:
«Нас барсан Владимир Ильичийн цорын ганц үндсэн өвчин нь тархины судасны олон жилийн, хурц хэлбэрийн склероз бөгөөд энэ нь удамшлын урьдал нөхцөлтэй хосолсон хэт ачаалалтай тархины үйл ажиллагааны үр дагавар юм» гэж тэмдэглэсэн байдаг.
Удирдагчийн тархийг судлахын тулд Москвад нэн даруй ЗХУ-ын Тархины хүрээлэнг байгуулжээ. Германаас Берлиний ижил төстэй хүрээлэнгийн захирал, мэдрэлийн эмч Оскар Фогтыг урьсан байна. Тэрээр Владимир Лениний “суут ухаан”-ы харагдахуйц шалтгааныг тархины бүтцээс олохын тулд олон жилийг зарцуулж, тархийг 30 мянга гаруй маш нимгэн зүсэлт болгон хуваан судалжээ.
Тусгай бодисоор хадгалсан эдгээр ялтсууд дээр дэлхийн Пролетариатын удирдагчийн тархины бүх атирааг нарийвчлан шалгасан боловч онцгой, содон зүйл илрээгүй байна.
Абрикосовын бальзамжуулах арга нь шарилыг удаан хугацаанд хадгалах зорилготой байгаагүй. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам удирдагчтай салах ёс гүйцэтгэхийг хүссэн хүмүүсийн урсгал тасраагүй бөгөөд бүр хурдан оршуулахыг шаардаж байсан Надежда Крупская хүртэл Ленинтэй салах ёсыг нэг сараар сунгахыг зөвшөөрчээ.
Молотов, Дзержинский нар шарилыг хадгалах санааг дэмжсэн байна. Эцэст нь Сталин Улс төрийн товчооны нэгэн хурал дээр:
«Энэ асуудал манай зарим нөхдийг, ялангуяа орон нутагт ихэд зовоож байгааг би мэдлээ… Лениний биеийг бальзамжуулах хэрэгтэй. Үүний тулд орчин үеийн шинэ аргууд бий, ингэснээр Ленинийг олон жилийн турш хадгалж болно. Энэ нь оросын эртний заншилд ч харшлахгүй. Түүнийг тусгайлан тоноглосон склепт байрлуулах ёстой» гэж зөвшөөрөл өгчээ.
(Склеп гэж хүндэтгэлтэйгээр оршуулах зориулалттай хаалттай дурсгалын оршуулгын байр юм).
1-р сарын 27-нд товлогдсон оршуулга явагдсангүй.
Архитекторууд Мавзолейн төслүүдийг яаравчлан боловсруулж эхэлсэн. Харин шарилыг яах вэ?
Олон мянган зөвлөлтийн иргэд өдөр бүр ирж салах ёс гүйцэтгэж байсан Колоннын танхимд, Лениний нүүрэнд ил нүдэн дээр ан цав гарч эхэлжээ.
Хэдхэн хоногийн оронд гурван сар өнгөрөв. Хөлдөөх санаа ч хэрэгжсэнгүй — Германаас захиалсан хөргөлтийн төхөөрөмж хугацаандаа ирээгүй байна.
Ийм хүнд үед Дзержинскийд биохимич Борис Збарский хандан, түүний Харьков дахь хамтран зүтгэгч, анатомич Владимир Воробьёв удирдагчийн шарилыг бальзамжуулах аргыг мэднэ гэж итгүүлжээ.
Энэ аргыг XIX зуунд анагаах ухааны доктор, эмгэг судлаач Николай Мельников-Разведенков санал болгож байсан аж.
Эхний шатанд эрдэмтэд уушги, элэг, дэлүүг авч, цээжний хөндийг угаан, намын зөвшөөрлөөр гэдэс, мөр, хөл, нуруу, гарын алганд олон зүсэлт хийжээ. Ингэснээр химийн бодисууд биед сайн нэвчиж, жигд шингэх боломжтой болсон байна. Дараа нь цогцсыг тусгай уусмалаар дүүргэсэн каучук ваннд дүрсэн бөгөөд уг уусмалд глицерин, калийн ацетат, ус, хлорхинин орж байв.
Лаборатори 1924 оны 3-р сарын 26-наас ажиллаж эхэлсэн бөгөөд мөн оны 7-р сарын 26-нд ЗХУ-ын Төв Гүйцэтгэх Хороо Лениний дурсгалыг мөнхжүүлэх шинэ бальзамжилтыг амжилттай боллоо гэж хүлээн зөвшөөрчээ.
Мавзолей нээгдэж, удирдагчийн шарилыг олны өмнө дэлгэн үзүүлсэн ч лабораторийн ажил түүнээс хойш нэг ч жил тасраагүй. Воробьёв, Збарскийн арга нь “динамик” буюу байнгын арчилгаа шаарддаг байв — эдгээр ажиллагааг хийхгүй бол шарил аль хэдийн хатаж, улмаар задрах байсан юм.
Жил хагас тутамд Мавзолейг хааж, удирдагчийн шарилыг уусмалтай ваннд дүрж, угааж, дахин бальзамжуулж, “засварлаж”, заримдаа бүр арьсан “нөхөөс” хүртэл тавьдаг байв.
Bodies of Lenin судалгааны зохиогч, антропологич Алексей Юрчакийн хэлснээр:
«Ленинээс өөрийнх нь гэж хэлж болох зүйл тун бага үлдсэн — арьс, дотоод эдүүд, булчин, үе мөч гэх мэт л байна»…
Эх сурвалж: Sergey Lazarev
Орчуулсан Энхбор Дуулга

Санал болгох мэдээ

Луврын музейн хулгай орсон тагтан дээр хамгаалалтын тор суурилуулжээ

Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа хулгайч нарын ашигласан тагтан дээр мягмар гарагт хамгаалалтын тор суурилуулжээ. …