Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын “Нээлттэй хамтран ажиллаж хөгжлийг ахиулъя” хамтарсан сурвалжилга БНХАУ-ын Эрээн хотын худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсанаар эхэллээ.
БНХАУ-ын Эрээн хотын худалдааны чөлөөт бүс нь 18 га талбайтай, өнөөдрийн байдлаар 48 аж ахуйн нэгж дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах, хүнс болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хил орчмын аялал жуулчлал багтаж байгаа юм. Цаашид үйл ажиллагааныхаа чиглэлийг долоо болгон өргөжүүлэхээр төлөвлөж буй ажээ.
Тус чөлөөт бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад одоогоор 1.5 тэрбум юанийн хөрөнгө оруулсан байна. Эрээн хотын чөлөөт бүс нь авто болон төмөр замын тээврийг түшиглэсэн худалдаа, эдийн засгийн жишиг бүс болох зорилготой ажиллаж буйг албаныхан онцолж байлаа.
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн удирдлагын газрын дэд дарга Дөү Шяопин “Эрээн болон Замын-Үүдийн чөлөөт бүсүүд хамтран ажиллаж байж гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх боломж бүрдэнэ” гэдгийг тодотгосон юм. Мөн тэрбээр, 2027 он гэхэд Эрээн, Замын-Үүдийн чөлөөт бүсүүдийг холбосон авто замын дэд бүтэц ашиглалтад орж, худалдаа, эдийн засгийн урсгал эрчимжинэ гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд энэ дагуу Монголын талтай удаа дараа уулзалт хийж буйгаа дурдаж байлаа.
Эрээн хотын худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой 10 гаруй аж ахуйн нэгж тус бүсэд үйл ажиллагаа явуулах хүсэлтээ ирүүлжээ. Харин Замын-Үүдийн чөлөөт бүсийн хувьд одоогоор татваргүй барааны дэлгүүр хэлбэрээр цөөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнийг өргөжүүлж, хоёр улсын хамтарсан үйлдвэрлэл, худалдааны бүс болгох саналыг Хятадын талаас илэрхийлж байлаа.
Эрээн хотын худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг жилдээ 6 сая тонн ачаа эргэлдүүлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. БНХАУ-д нийт 23 худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс байдгаас Эрээн хотынх нь ӨМӨЗО-ы гурван чөлөөт бүсийн нэг юм. Цаашид Эрээн боомт нь төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, Тяньжинь, Таншань усан боомтуудаас ирэх ачаа барааг Монгол, Оросоор дамжуулан Европ руу хүргэх хуурай замын гол зангилаа болохоор төлөвлөж байгаа ажээ.
Монгол, Хятадын худалдааны эргэлтийн 80 хувь, зорчигч тээврийн 70 хувь нь Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин хийгддэг.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл