Отгонтэнгэрийн дархан цаазат газар нь Хангайн нурууны биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй экосистемд тооцогддог.
Тус дархан цаазат газрын шувуудын аймаг нь төрөл зүйл, экологи, тархалтын хувьд онцлогтой бөгөөд махан идэшт, усны, өндөр уулын бүсийн болон ховор зүйлийн шувууд зонхилон бүртгэгдсэн байна.
Судалгааны дүнгээр нэн ховор болон ховор махан идэшт шувуудын 7 зүйл, нийт 81 бодгаль тэмдэглэгджээ. Үүнд тас, бүргэд, цасны хажир, ёл, бэгбаатар, шар шувуу, ууль, хар шувуу зэрэг махчин шувууд багтдаг.
Отгонтэнгэр уулыг тойрсон Бадархундага, Хөх, Цагаан нуурын орчимд хээрийн галуу, төрөл бүрийн нугас, бор галуу, мөн саарал болон хар өрөвтас зэрэг усны шувууд олноор нутагладаг байна. Харин хад асга, мөнх цаст оргилын бүсэд хойлог, бор цагаан ятуу, хур, сойр, ангир, дагуур ятуу зэрэг өндөр уулын бүсийн шувууд элбэг ажиглагддаг.
Жигүүртний аймгийг тоймлон үзэхэд нийт 53 зүйл шувуу бүртгэгдсэнээс цасч дэглий, хар өрөвтас, усны цагаан сүүлт бүргэд, гангар хун зэрэг дөрвөн зүйл нь Монгол Улсын Улаан номд бүртгэгдсэн нэн ховор, ховордож буй зүйлд багтаж байна.
Мөн дархан цаазат газрын Цагаан нуурын орчимд 9 зүйл, Хөх нуурын орчимд 7 зүйлийн шувуу бүртгэгджээ. Эдгээрээс бусад нуурт ажиглагдаагүй дагуур ятуу Цагаан нуурын орчимд бүртгэгдсэн нь онцлог тохиолдол болохыг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
