“Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдэд тавьж байгаа хяналтыг сайжруулах” сэдэвт зөвлөгөөнийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газраас Улсын Ерөнхий Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөн нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдэд хяналт тогтооход хууль, журмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, хяналт тавих үйл ажиллагааг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, практикт гарч буй бэрхшээл, тулгамдсан асуудлыг хэлэлцэх, ажлын уялдаа, холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, алба хаагчдад зааварчилгаа, зөвлөмж өгөх зорилгоор зохион байгуулагдсан юм.
Зөвлөгөөнд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газар, Улсын Ерөнхий Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорууд, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт 450 гаруй ажилтан, алба хаагч нар оролцлоо.
Цагдаагийн байгууллага нь 2015 оны 03-р сарын 02-ны байдлаар ШШГЕГ-ын харьяа хорих ангиудаас хорих ял эдлээд суллагдсан 378, тэнсэн суллагдсан 1392, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 4011, нийт 5781 хүнд захиргааны хяналт тогтоон ажилласны дотор насанд хүрээгүй 182 хүн байна.