Нүдэнд нь айдас, эмээх сэтгэл тодорсон бяцхан хүүхдийн гараа өргөн зогсож буй зураг сошиал ертөнц дэх олон сая хүний сэтгэлийг шаналгаж байна. Энэ зурганд чухам ямар түүх агуулагдсан юм бол?
Түүний айж мэгдсэн бяцхан харц хүйтэн зэвсэг агссан хэн нэгнээс эмээснийх байж мэдэх юм. Тиймээ тэр тэгж бодсон. Гэвч үнэндээ тэрээр өөрийг нь тойрон эргэлдэж буй олон сэтгүүлчийг зэвсэгт дайчид, камерыг нь буу хэмээн боджээ.
Энэхүү зургийг Газын зурваст ажилладаг фото сэтгүүлч Надиа Абу Шабан өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсандаа нийтэлсэн байна. Гэтэл зураг маш богино хугацаанд интернет ертөнцөд тархаж, олон сая хүн шэйрлэжээ. Түүнчлэн сэтгэл нь шимширч зурган дахь хүүхдийн хувь заяанд санаа зовсон олон мянган хүн сэтгэгдлээ үлдээсэн аж. Түүний дотор зургийг зохиомлоор авсан, бодит биш гэж маргах хүн ч байв. Харин Надиа Абу Шабан зургийг өөрөө дараагүй хэмээн тайлбарласан бөгөөд хэн дарсан тухай мэдээлэл түүнд байсангүй.
“Imgur” хэмээх вэб сайт зургийг жинхэнэ гэж батлаад Туркийн гэрэл зурагчин Осман Сагирлигийн 2012 онд дарсан зураг гэж бичжээ. Мөн зурган дээр гарсан хүүхдийг хүү байсан гэжээ.
Гэхдээ л энэ тайлбар баттай эсэх нь тодорхойгүй байсан юм. Ингээд “BBC” агентлаг багагүй хугацаанд эрэл хийсний үр дүнд үүнийг Туркийн гэрэл зурагчин Осман Сагирли авсан нь үнэн болохыг тогтоожээ. Тус агентлагийн мэдээлж буйгаар Сагирли одоо зүүн Африкийн Танзани улсад ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ зурган дээр гарсан хүүхэд хүү биш дөрвөн настай Ади Худя гэх охин байсан гэж тэрээр ярьсан байна.
Осман Сагирли өнгөрсөн арванхоёрдугаар сард Сири дэх Атмений дүрвэгсдийн хуаранд очихдоо энэ зургийг дарсан аж. Худя охин Туркийн хилийн ойролцоох хуаранд ээж, хоёр эгчийн хамт байрлаж байсан бөгөөд дайны улмаас Хама хот дахь орон гэрээ орхин 150 километрийн зайтай байрлах Атмений дүрвэгсдийн хуаранд ирсэн нь энэ гэнэ. Охины аав 2012 онд Хама хотод болсон террорист халдлагын үеэр амиа алджээ.
“Би зураг дарахдаа фото дуран ашигласан юм. Тэр үүнийг зэвсэг гэж бодсон бололтой. Би дарсан зургаа хараад охины хэчнээн их айсныг ойлгосон. Учир нь тэрээр амаа жимийж, гараа өргөсөн байсан. Жирийн хүүхдүүд камер харсан үедээ нүүрний хувирал, инээмсэглэлээ нууж ихэнхдээ зугтаж оддог. Дайн улмаас орон гэрээ алдан дүрвэж ирсэн эдгээр хүүхдүүд ямар зовлон бэрхшээлийг туулсан болохыг би бэлхнээ харж байсан” хэмээн Сагирли ярьсан юм.
Энэхүү зураг хамгийн анх өнгөрсөн нэгдүгээр сард “Türkiye” сонинд нийтлэгдсэн байна. Сагирли тус сонинд 25 жил ажиллажээ.
Таван жилийн турш үргэлжилж буй Сирийн иргэний дайн 220 мянган хүний амь насанд хүрээд байгаа бөгөөд тэдний 10 мянга нь хүүхдүүд байжээ. Түүнчлэн орон гэрээ орхин дүрвэсэн 12 сая хүн, түүний дотор таван сая хүүхдэд нэн яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай гэж Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд мэдээлж байна. Худя охин бол дайны хөлд нэрвэгдэж, зовж зүдэрч буй олон сая хүүхдийн төлөөлөл билээ.
Б.Саруул
эх сурвалж: eagle.mn