Эрт урьд цагт гурван хүүтэй нэг охинтой эмгэн байж гэнэ. Охин нь өсч эрд гарах нас гүйцжээ. Тэгэхээр эмгэн “Охиныхоо нэрийг таасан хүнд охиноо эхнэр болгон өгнө” гэж зар тараасан юм байжээ. Нэгэн өдөр тэднийх нүүж охин ачаатай тэмээгээ хөтлөн явж байжээ. Тэгсэн нэг шулам нохой болж хувираад тэр айлын ачааны захад очиж сүүлчийн тэмээнийх нь хамрыг бурантагтай нь орооцолдуулчихжээ. Тэгтэл эмгэн,
– Хүүе, Тором дагинаа, зогс энэ муу нохой тэмээний бурантаг орооцолдуулав гэж хашгирчээ. Шулам охины нэрийг сонсож аваад эргээд явчихжээ. Нөгөө эмгэн шинэ нутагтаа ирж бууж гэрээ бариад их сан тавьж “Миний охинд заяаны хань олж өг” гэж бурхандаа мөргөж гэнэ…. Тэгтэл бурхан нь “Маргааш өглөө саарал илжигтэй хүн ирнэ, тэр заяаны нь хань тул түүнд өгөөд явуул” гэж гэнэ. Эмгэн “Ямар хачин юм бэ? Саарал илжигтэй ирдэг нь юу билээ?” гэж боджээ. Гэвч гэрийн хойт талд шулам зогсож байгаад бурханы араас ийнхүү хэлснийг эмгэн мэдсэнгүй. Харин “Бурхан охины минь заяаны ханийг зааж өгөв” гэж итгэсэн ажээ. Маргааш өглөө нь нар тусаж байхад үнэхээр саарал илжигтэй хүн иржээ. Нөгөө хүн орж суугаад,
– Надад охиноо өг, танай хүргэн болох хүн би байна гэжээ.
– Чи манай охины заяаны нөхөр юм бол миний охины нэрийг олж хэл гэж эмгэн хэлжээ. Тэр хүн худал үнэн нэр хэлж байгаад сүүлд нь “Тором дагина” гэжээ. Ингээд эмгэн хүүхнээ өгөхөөр зөвшөөрч гэнэ. Нэгэн хүйтэвтэр өдөр адуугаа хотонд хураачихаад байж байтал хэдэн хүн ирж хурим найр болон хүүхнийг авч явахаар болж гэнэ. Тэр үед охин гадаа гарч гэнэ. Тэгтэл ах нарынх нь аль муу үздэг ноос үсгүй нэг муу хүрэн даага үүднийх нь дэргэд ирчихсэн зогсож байж гэнэ. Охин дааганаас,
– Чи энд юунд зогсов, даараа юу? гэж асуужээ. Даага,
– Чамайг арван таван толгойтой атигар хар мангаст эхнэр болгон өгөх гэж байна. Би сэтгэл зовоод ирлээ гэжээ. Охин
– Би тэгвэл яавал дээр вэ? гэж дааганаас асуухад даага ингэж хэлжээ.
– Их ахынхаа эмээл хазаарыг ав. Дунд ахынхаа буу саадгийг ав. Бага ахынхаа хэт хутгыг ав. Тэгээд их ахынхаа эмээл хазаарыг тохоод дунд ахынхаа буу саадгийг үүрээд бага ахынхаа хэт хутгыг зүүгээд нэгэн залуу эр болоод унах унаандаа намайг шилж аваад яваарай гэж хэлжээ. Нөгөө цугласан улс гурван хоногийн газар олон сайхан хүүхэн харчуул болцгоон явснаа гурав хоногийн дараа цөм мангас болоод хувирчихсан гэнэ. Охин даагандаа хэлж гэнэ,
– Одоо яадаг билээ. Цөм мангас болоод хувирчихлаа гэж.
– Яах юу байхав. Одоо дахиад гурав хоногийн газар яваад цаадуул чинь унтана аа. Тэгэхээр хоёулаа зугтааж амжинаа гэжээ. Гурван өдөр шөнө яваад унтацгааж гэнэ. Тэгэхэд даага,
– Мангасууд нам унтахаараа амнаасаа цагаан хөөс гаргадаг юм. Хөөс эс гарвал унтаагүй сэрүүн хэвтэж байгаа нь тэр билээ. Одоо амнаас нь цагаан хөөс цахарч эхэлж байна. Хоёул зугтъя гэжээ. Ингээд зугтаж явсаар бараг жил болж нэгэн эзгүй хээр газар иржээ. Охин тэр хээр газар ан гөрөө хийж амьдардаг болж гэнэ. Нэгэн өдөр ан хийж явтал ганц морьтой залуу дайралджээ. Тэр залуу,
– Чи хаанаас ирэв? Би ганцаар энэ нутагт ан хийж амьдардаг билээ. Би ганц хөгшин ээжтэй л хүн. Үдэш болохоор манайд оч! гэж хэлжээ. Үдэш болохоор охин залууг дагаад гэрт нь очиход нэгэн эмгэн байж гэнэ. Эмгэн хөл болж “Хүүхэд минь, эзгүй газар ан агнаж аж төрж суудаг улс бид чинь” гээд хоол унд хийж сүйд болж гэнэ. Ингээд охин залуугийн гэрт хамт амьдарч түүнтэй хамт ан агнасаар хоёр жил шахуу болжээ. Нэг өдөр эмгэн хүүгээсээ асуужээ,
– Хүү минь чи үүнийг эрэгтэй хүн гэж бодож байна уу, эмэгтэй хүн гэж бодож байна уу? гэжээ.
– Та юу ярьж байгаа юм бэ? Эрэгтэй байлгүй яахав вэ? гэж хүү хэлэв. Эмгэн,
– Хүү минь чи арван таван бухан марлын мах давхар баглаад “Энэ морин дээр тавь гэж түүнд хэлээч, хэрэв эрэгтэй бол даагаад тавина, эмэгтэй бол чадахгүй байх гэжээ. Хүү хэлснээр нь үзэхэд арван таван бухан марлын махыг бяцхан ч тоосонгүй морин дээр тавьчихжээ.
– За хүү минь яав? гэж эмгэн асуухад
– Зөнөсөн үг ярих юм. Бяцхан ч тоосонгүй авч тавилаа гэжээ. Эмгэн тэгэхээр,
– Аа жигтэй, чи юу ярив? Одоо хоёул нэг барилдъя гэж хэлээд үзээч” гэжээ. Залуу барилдвал тэн барилджээ. Эмгэн орой нь “Барилдав уу?” гэж асууж гэнэ. Хүү,
– Барилдлаа, та ер нь зөнөсөн юм ярьж байх юм, эрэгтэй хүн л байна гэв. Тэгтэл нөгөө эмгэн хүүхдийнхээ чихийг амраахгүй ятгасаар эмэгтэй болохыг мэдэж гурван жил болоод гэр бүл болгожээ. Нэгэн эрэгтэй хүүхэд төрж гэнэ. Нөгөө эмгэн бэрдээ,
– Чи нөхөртөө нэг л юм оёж өгөх ёстой. Юм оёж өг гэж загнаад байдаг болжээ. Тэгээд ээж нь уурлаад байхаар хэтэвч оёж нөхөртөө өгч гэнэ.
Тэгсэн нэг өдөр хачин жигтэй салхи гарч гэнэ. “Энэ юу болов?” гээд харсан чинь мангасын байдаг зүгээс төсөр хэдрэг унасан эмгэн ирж явна гэнэ. Охин хүрэн даагаа унаад хүүхдээ сундлаад зугтаажээ.шулам хойноос нь хөөж даагыг нэг цойлоход нэг хөлий нь дөрөв цойлоход дөрвөн хөлий нь тас цохижээ. Дахиад нэг цойлоход хүрэн даага хоёр хэсэг болжээ. Даага,
– Чи хүүхдээ өвөртлөөд миний цээж рүү ор гэжээ. Охин хүүхдээ өвөртлөөд дааганы цээж рүү оронгуут унтчихжээ. Хүүхэн унтаж байтал “Яасан их унтдаг юм бэ?” гэх хүний дуу гарах шиг болоход сэржээ. Тэгтэл нэгэн том гэрт ширээтэй орон дээр унтчихсан, эрэгтэй эмэгтэй улсууд цай хоол хийж байна гэнэ. Нэг өдөр морь унаж явж байтал олон мал хариулсан хүнтэй тааралджээ. “Энэ ямар хүний мал вэ?” гэж асуухад “Тором дагины мал” гэж байна гэнэ.
Ингээд Тором дагина өргөн сайхан нутагтай, их мал хөрөнгөтэй болсноо мэдэж гэнэ. Түүний хүүхэд нь том болж ан гөрөө харж гүйдэг болжээ. Тэр хүүг ан харж явахад нэгэн залуу ан агнаж яваад дайралддаг байжээ. Тэр хүү залуугийн алсан анг булааж аваад “Би ан агнав” гэж ээждээ авч ирдэг цовоо хүү болжээ. Нэг өдөр нөгөө залуу буга алаад түүнийхээ дор нуугдаж хэвтэж байгаад хүүг хүрээд ирэхээр бариад авчээ. Тэр залуу асуужээ,
– Чи дандаа хүний юм булаадаг хаанахын хэн гээчийн хүүхэд вэ? гэжээ.
– Би Тором дагинын хүүхэд гэхэд “Үнэн юмуу?” гэж залуу асууж. “Үнэн” гэхээр “За тийм бол энийг ээждээ хүрэгж өг” гэж нэг хэтэвч өгчээ. Тэгсэн нөгөө хүүхэд гүйж яваад үхрийн зэлэн дээр гээчихсэнийг нь Тором дагина нэг өдөр олж авчээ. “Үүнийг хэн авчрав?” гэж амьтан хүнээс сурвал мэдэх хүн гарсангүй. Гэтэл хүү нь,
– Нэгэн үл таних хүн танд өг гэж надад өгснийг би мартаад гээчихэж гэв.
– Тэгвэл тэр хүнээ дагуулаад ир гэж хүүгээ явуулжээ. Хүү дагуулаад иртэл өөрийнх нь нөхөр мөн байжээ. Түүний ээж нь нас бараад ганцаар үлдэж ан агнаж амьдарч яваад ийнхүү уулзах нь энэ ажээ. Ингээд Тором дагины нутаг эзэн хаантай болоод амар сайхан жаргаж гэнэ.
эх сурвалж: www.budda.mn
эх сурвалж: www.budda.mn