ДЭМБ-ын ойн өдрийг “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн дор тэмдэглэлээ

da7486cf06113a9aoriginalДэлхийн эрүүл мэндийн өдрийн  хүрээнд  “Тариалангийн талбай, малын бэлчээрээс зоогийн ширээ хүртэл хүнсний аюулгүй байдлыг хангая” уриатай  өдөрлөг болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ, ЭМСЯ, ХХААЯ, МХЕГ, Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, Иргэний нийгэм ТББ, Олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулсан юм байна. Мөн хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг олон нийтэд хүргэхэд хамтран ажиллах зорилготой Хүнсний аюулгүй байдлын сайн дурын элчээр МУГЖ И.Одончимэг, залуу дуучин П.Баярцэнгэл нарыг томилон ХХААЯ, ЭМСЯ батламж гардууллаа.
ХХАА-н сайд Р.Бурмаа: Хүүхдүүд нохой ч тоож идэхгүй чихэр худалдан авч байна
Хүнсний аюулгүй байдлын талаар анхаарал татсан асуудлуудыг хэрхэн шийдэх учиртайг энд хэлэлцэж байна. Анх үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад хүүхдүүд ямар хоол  хүнс, идэж байгааг мэддэггүй байсан. Орон нутгаар явж байгаад сумын дунд сургуулийн тогооч хоол амтлагч илүү хийсэн хоолыг хүүхдүүдэд өгч байгааг харсан. Тэр үед хэрхэн яаж олон төрлийн хоол хийж болох вэ гэдгийг хүснэгт гаргаж, долоо хоногт нэг хоол давтахгүйгээр цэс гаргаж өгсөн. Саяхан хүнсчдийн уулзалтын үеэр хүүхдийн үдийн хоолыг 600 төгрөгөөр хэрхэн яаж чанартай хийж болохыг үзүүлсэн. Хүүхдийн хоолны мөнгө үнэхээр эзэндээ очиж байгаа юм уу. Очихдоо ямар байдлаар очиж байна вэ гэдэг их чухал. Эрүүл, аюулгүй хүнс хэрэглэхэд бүх шатны байгууллагын, иргэдийн хяналт хэрэгтэй. Өнөөдөр бидний үзсэн видео бичлэг дээр дунд сургуулийн хүүхдүүд бага мөнгөөр нохой ч тоож идэхгүй чихэр худалдан авч байна.Хүүхдүүд сургуулийнхаа ойролцоох дэлгүүрээс худалдан авч байгаа хүнсний бүтээгдэхүүний чанарт тавих хяналт сул байна. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн тариалах, үйлдвэрлэх, хэрэглэгчдэд хүргэх, импортлох,  хадгалах, тээвэрлэх зэрэг бүхий л шатанд анхааралтай ажиллах ёстой. Юу болохгүй байгаа вэ гэдгээ ярих ёстой.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга О.Очиржав: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд анхаарч байна
Жил бүрийн энэ өдрөөр ЭМЯ болон ДЭМБ байгууллага хамтран нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Хүнсний аюулгүй байдлын асуудалд бүх шатандаа анхаарах нь гол асуудал юм. 2010 онд УИХ-аас Үндэсний аюулгүй байдлын  хүрээнд хүнсний аюулгүй байдал гэсэн дэд хэсгийг оруулаад ямар арга хэмжээ авахыг тусгасан байгаа. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, холбогдох журмыг гаргаж, үйл ажиллагааг тогтвортой байлгахад анхаарч байна. Нөгөө талаар хүнсний аюулгүй байдалд иргэдийн оролцоо их чухал.
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа: Монгол Улсын хувьд хүнсний чанар, шим тэжээлийн асуудал яригдах ёстой
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1948 оны энэ өдөр анх байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн хүн амын эрүүл мэндэд анхаарч ажиллаж ирсэнд талархаж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, нийгэм эдийн засгийн тогтвортой байдал, хүнсий аюулгүй байдлын бодлого нь Засгийн газрын анхаарлын төвд байдаг. Монгол Улсын хувьд хүнсний хомсдол гэдгээсээ илүү хүнсний чанар, аюулгүй байдал, шим тэжээлийн асуудал яригдах ёстой. Тиймээс энэ чиглэлээр  хамтран ажиллахыг хүнсний үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид төр иргэний нийгмийн байгууллагуудаас хүсч байна. Хамтдаа Монгол Улсынхаа иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангахын төлөө гар гараасаа барилцан ажиллая. Ингэхийн тулд бодлогын болоод сэтгэлгээний түвшинд, үйл ажиллагаан  дээрээ ч нэгэн сэтгэлээр нэгдэхийг уриалж байна.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Су Нюунт У: Австрали улсад хүнсний бүтээгдэхүүнийг хувь хүн хилээр оруулж ирж болдоггүй хуультай
Хүнсний аюулгүй байдлыг хангахад маш олон салбар хамтран ажилладаг. Даяаршлагдаж буй дэлхий ертөнцөд өнөөдөр маш их худалдаа наймаа хийгдэж байгаа. Энэ нөхцөлд хүнсний аюулгүй байдлаа хангана гэдэг дэлхийн улс орнуудын хувьд хамгийн чухал асуудлуудын нэг болж байна. Улс орон болгоны өмнө тулгарч байгаа том асуудал ч гэж болно.  Өнгөрөгч хоёрдугаар хүнсний аюулгүй байдлаа чанд сахидаг Австрали улсад А гепатит халдвар гарсан. Энэ гепатит нь импортлогдсон хөлдөөсөн жимснээс гарсан байсан. Австрали улсад хүнсний бүтээгдэхүүнийг хувь хүн хилээр оруулж ирж болдоггүй хуультай. Харин компаниуд нь ямар улсын зах зээлээс хүнсний бүтээгдэхүүн импортлож оруулж ирэх бүрэн эрхтэй байдаг. Гэтэл импортоор оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүн нь халдвар тараасан байсан. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг сахих, сайжруулах асуудал бол бүх хүний хамтын хүчин зүтгэлийн үр дүн байна.
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …