Казиногийн тухай хуультай болно

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2015.04.08/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар байлаа.

DSC_8696Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 104 арга хэмжээний дотор хууль зүйн салбарын хүрээнд 7 чиглэлээр 9 арга хэмжээг хэрэгжүүлэхээс тусгагдсан бөгөөд 83.3 хувийн биелэлттэй гарсан хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдэд мэдээлсэн. Төрийн бүртгэл мэдээллийн тогтолцоог шинэчлэх, цахим мэдүүлгийн тогтолцоог бүрдүүлэх, Тахарын албыг байгуулах, хорих байгууллагын тогтолцоог шинэчилж, орчин үеийн жишигт нийлүүлэх, хил хамгаалах байгууллагын техникийг шинэчлэх зэрэг хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээнүүдийн биелэлтийн талаар салбарын сайд мэдээлэл хийсэн. Салбарын сайд болон холбогдох агентлагуудын удирдлагын тайлбарласнаар, зарим төлөвлөсөн ажил биелэгдээгүй нь санхүүжилт шийдэгдээгүйтэй холбоотой гэлээ. Сайдын мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн бөгөөд гишүүдийн хэлсэн саналыг нэгтгэн томьёолоод дараагийн хуралдаанаар дахин хэлэлцсэний дараа Байнгын хорооны санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэсэн Ц.Нямдорж гишүүний санал дэмжигдсэн учир ирэх хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.

Үүний дараа Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэц Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт “Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “…нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь…” гэсэн нь; Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.”, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.”, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэсний “…хуралдаанд оролцсон … гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь…” гэсэн нь; Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.” гэсний “…нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй…” гэсэн нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ…“ гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй дээрх хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж тогтов.

DSC_8695Мөн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах …”, гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан аж. Харин Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.

Үүний дараа Казиногийн тухай, Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор казиногийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлага тулгарч байна хэмээсэн.

Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99, Ази, номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд Монгол Улсад нийт 417.0 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263.0 сая ам.долларт хүрч, аялал жуулчлалын салбарын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 5.29 хувийг бүрдүүлэх болжээ.

Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх, жуулчны тоог 1.0 саяд хүргэх зэрэг зорилт тавьж байна. Иймээс энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлж, цаашид хөгжүүлэх шаардлагатай гэж сайд хэлсэн.

Хуулийн төсөлд Монгол Улсын иргэн казинод тоглохгүй байхаар тусгасан ажээ.

Танилцуулгын дараа сайд гишүүдийн асуултад хариулсан. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хуулийн төсөлд казино байгуулах хоёр байршлыг тогтооно гэж заасан байгааг хаана, ямар казино байгуулах нь тодорхой болсон юм байна гэж ойлгож болох уу хэмээн асуусан. Мөн тэрбээр, Сингапурын иргэд казинодоо орж тоглох эрхтэй байдаг. Гэхдээ үүний тулд такс төлдөг. Тус улсын хуулиар тоглох мөнгөний хэмжээг нь хуулиар заагаад өгсөн байдаг гэж хэлж байлаа. Казино эрхлэгч хууль зөрчсөн тохиолдолд төлөх торгуулийн хэмжээ асар өндөр байдаг. Тухайлбал, олсон жилийн орлогын 10 хувиар торгох, эсвэл 100 хүртэл сая ам.долларын торгууль төлөх гэх мэт. Ийм заалт хуулийн төсөлд туссан эсэхийг лавлаж байлаа.

Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын хэлснээр, анх казиног чөлөөт бүсэд байгуулахаар яригдаж байсан ч хуулийн төслийг боловсруулах явцад байршлыг Засгийн газар тогтоохоор тусгасан байна. Мөн тэрбээр одоогоор казино байгуулах асуудлаар хандсан, яригдсан зүйл байхгүй гэдгийг онцолсон. Гишүүд казиног ажиллуулах эрх зүйн орчин нөхцлийг зөв бүрдүүлэх ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд үүнийг дагаад гарах саар үзэгдлүүд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хангаж, аюулгүй байдал, хууль сахиулах стандартыг бий болгон чандлан сахих нь зүйтэйг анхааруулж байв. Ийнхүү хэлэлцсэний эцэст хуулиудын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …