Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаж Г.Батхүү нарын 8 гишүүний өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

DSC_86921996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг шинээр батлан, хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 1998, 1999, 2001, 2003, 2005, 2008 онуудад буюу нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зохицуулалт, үзэл санаа, агуулга, хамрах хүрээ нь улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, олон улсын жишиг, Монгол Улсын олон улсын гэрээ, болон үндэсний зарим хууль тогтоомжид нийцэхээргүй болж хуучирсан, мөн сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний нягтрал, осол, хэрэг, зөрчил ихэссэнтэй холбоотой үүссэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг улс орны эрх ашиг, нийгмийн хүсэлт, шаардлагад нийцүүлэн эрх зүйн хүрээнд шийдвэрлэхийн тулд холбогдох хуулийг өөрчлөн шинэчилж боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий болж байна хэмээн Г.Батхүү гишүүн танилцуулсан.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, олон улсын жишигт нийцүүлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төрийн бодлого, зохицуулалтыг шинэ түвшинд хүргэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, осол, хэрэг, зөрчлийн тоог бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үзэл баримтлалын томоохон өөрчлөлт, шинэчлэл, зохицуулалтуудыг тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн З.Энхболд, замын тэмдэг тэмдэглэгээг олон улсын стандартад нийцүүлэхэд хэдий хэрийн зардал гарахыг тодруулсан. Тэрбээр, бага насны хүүхдийг автомашинд авч явахад зориулагдсан тусгай суудлыг хэрэглэх талаар төсөлд хэрхэн тусгасан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд ногдуулах хариуцлагын талаар лавласан. Ажлын хэсгээс тайлбарласнаар, замын тэмдэг тэмдэглэгээ, хүүхдийн суудал, мотоциклийн малгайтай холбоотой евро стандартын 120 гаруй стандартыг батлуулаад байгаа бөгөөд дээрх хуулийн төсөл батлагдсанаар хэрэгжих эрх зүйн орчин бүрдэх юм байна.

Замын хөдөлгөөний зөрчил гаргасан этгээдэд тооцох хариуцлагыг төсөлд нарийвчлан тусгаж өгсөн юм байна. 1970-аад онд японд зам тээврийн осол маш их гардаг байсан бөгөөд торгуулийн хэмжээг өсгөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 ам.доллараар торгох болсноор ослын тоо 80 хувиар буурсан туршлага бий аж. Хуулийн төслийг боловсруулахдаа зургаан орны замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг судлан үзсэн гэж Г.Батхүү гишүүн хэлсэн. Тэрбээр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол одоо мөрдөгдөж буй хуулиар 1000 төгрөгийн торгуулиас эхлээд 2 жил эрхээ хасуулах хүртэл шийтгэл хүлээдэг бол шинэ хууль батлагдсанаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөөд, жолоо барих эрхээ 2 жилээр хасуулах бөгөөд давтан үйлдвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж, жолоо барих эрхээ 3 жилээр хасуулах ажээ. Зам тээврийн зөрчлийн талаар мэдээллийн санд байнга бүртгэгдэж явах бөгөөд улаан гэрлээр 20 удаа зорчсон, нэг удаа зорчсон жолооч нар адил торгууль төлдөг байдал үгүй болох юм байна.

Гишүүд автомашины хамгаалалтын бүс хэрэглэх, жолооч гар утас ашиглах асуудлыг тодруулж байлаа. Ажлын хэсгээс хариулснаар, жолооч, зорчигчид 100 хувь хамгаалалтын бүс хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байх, согтуугаар автомашин жолоодохгүй байх гэсэн гурван зүйлийг л мөрдөж чадвал авто машинаас үүдэлтэй үхэл, гэмтлийг 50 хувь бууруулах бололцоотой нь тогтоогдсон аж. Шинэ хуулиар хамгаалалтын бүс хэрэглээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна. Одоо мөрдөж буй замын хөдөлгөөний дүрэмд гар утас хэрэглэхийг хориглодог ч гэлээ гар утсаар ярихдаа чихэвч хэрэглэхийг зөвшөөрдөг бол шинэ боловсруулсан хуулийн төсөлд гар утсыг гарын оролцоогүй ашиглахыг ч хориглосон байна. Учир нь гар утасны хэрэглээ зам тээврийн осол гарах нөлөөллийн 32 хувийг эзэлдэг нь судалгаагаар батлагдсан ажээ. Гишүүд ийнхүү хэлэлцээд дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …