Зохиомол хээлтүүлэгч

358c70273f084beaoriginalБидний багад, сүүн тасаг үнээн зэлэн дээр цагаан халад бүхий нөхдүүд л үнээний бөгсөнд гараа шургуулж явдаг нь санаанд тодхон үлджээ. Тэднийг зохиомол хээлтүүлэгч гэх. Өвгөд настангууд ингээд л хээл авдаг юм байхдаа. Хээл авлаа гэхэд ямархуу мал төрдөг юм бол доо. Яасан ч гэлээ олигтой эд биш дэг хэмээн толгой сэгсэрч суусан нь өчигдөр мэт. Ингэхдээ зохиомол хээлтүүлэгч нөхрийг ихэд чамлангуй хэрнээ дооглонгуй харж, нэлээд дорд үзнэ. Үнээн зэлэн дээр өдөржин үхрийн бөгстэй ноцолдсон нөхдийг баганаас дээш гаргахгүй янзтай л байдаг сан. Харин өнөөдөр шинжлэх ухаан технологи хөгжихийн хэрээр хуруу шилний хүүхдүүд ч олон болсон цаг. Малыг зохиомлоор хээлтүүлэх энэ тэр бол захын асуудал болсон хэрэг.

      Гэхдээ Монгол Улсын мал сүргийг өсгөхөд үлэмж хувь нэмэр оруулсан хүмүүс бол яах аргагүй, үржлийн зоотехникч, зохиомол хээлтүүлэгчид мөн гэдэгтэй маргах аргагүй юм. Харин улстөрд зохиомол хээлтүүлэгчийн хэрэг байдаг юм болов уу гэсэн бодол хэн нэгэнд төрсөн байж таарна. Учир нь Л.Эрхэмбаярыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоход хэн нэгэнд ийн бодогдсон байж таарна.

      Архангай аймгийн Үржил селекцийн станцад малын зохиомол хээлтүүлэгчээс ажлын гараагаа эхэлсэн Л.Эрхэмбаяр нь улмаар мэргэжлийнхээ дагуу “Түмэн шувуут” хувьцаат компанийг байгуулан ажилласан билээ. Ийнхүү бизнест хүч үзэж олсон мөнгөө УИХ-ын сонгуульд нэр дэвшин салхинд хийсгэсэн ч Ерөнхийлөгчийн зөвлөх нэрийн дор Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд өөрийнхөө компанид багагүй мөнгө оруулж, шархаа хэд дахин нөхсөн нэгэн гэдэг. УИХ-д сонгиночуудыг төлөөлөх гэж удаа дараа өрсөлдсөн ч сонгиночууд түүнд хэзээ ч итгэл үзүүлж байсангүй. Ийнхүү шороотой бөх маань гэнэт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон нь улстөрийн эгзэгтэй цаг үед хэний ч санаанд ороогүй зүйл бололтой.

      Юутай ч намынх нь журамт нөхөд сонгууль дөхсөн энэ эгзэгтэй цагт үүрэг гүйцэтгэгчтэй сонгуульд орж болохгүй. Гишүүд дэмжигчдийн дэмжлэг аваагүй автоматаар орж ирсэн шороотой бөхтэй яасан ч сонгуульд орохгүй гэдгээ хэлээд авсан. Олон мянган гишүүд дэмжигчдийн итгэл сэтгэлийг хүлээсэн тийм дарга байх ёстой. Нөгөө талаар удаа дараа сонгуульд өрсөлдөж өвдөг шороодсон шороотой бөхтэй сонгуульд орвол яасан ч сайнаа үзэхгүй хэмээсэн.

      Мөн нөгөө талаас нэг муу малын зохиомол хээлтүүлэгчээр удирдуулна гэж юу байсан юм гэх зэргээр Л.Эрхэмбаяр үүрэг гүйцэтгэгчийг нэг нүдээр харах хүн олдохоо болив. Өнөөх “нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэгчлэн Л.Эрхэмбаярыг зайлуулахаар уухайлахын зэрэгцээ мөн л хууль бусаар сонгогдоод байгаа намын дарга З.Энхболдыг ч бас ширвэх аж. З.Энхболд ч аргагүй дүрмийн бус дарга. Тэр гишүүдийн дэмжлэг аваагүй сонгогдсон хууль бус дарга. Тэгэхээр энэ хоёр үүрэг гүйцэтгэгч маань ҮЗХ, Их хурал хуралдаж гэмээнэ өвдөг шороодох магадлал маш өндөр. Ядахад Л.Эрхэмбаярт ялж байсан өдөр нэгээхэн ч үгүй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийнийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2000, 2004 онуудад намаасаа нэр дэвшсэн ч ялагдаж байв. Ингээд анхан шатны сонгуульд ч ялж үзээгүй нөхрийг Нийслэлийн иргэдийн хуралд бас л сойсон. Мэдээжийн хэрэг яаж гарах билээ. Дүүрэгт өвдөг шороодсон нөхөр нийслэлд барахгүй нь аргагүй. Гэсэн хэдий ч бусдын дэмжлэг хөрөнгө мөнгөний хүчээр  УИХ-ын сонгуульд гурван ч удаа өрсөлдөөд бас л унав. Гишүүд дэмжигчдийнх нь ярьж байгаагаар бол нийтдээ шат шатны есөн удаагийн сонгуульд  цэвэр тавиулсан нөхөр.

        Яаж ч бодсон ийм шороотой бөхөөр удирдуулсан нам ялалт байгуулна гэдэг нь ихээхэн эргэлзээтэй байж таарна. Ийнхүү шат шатны есөн сонгуульд өвдөг шороодсон ч тэрээр Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намыг хагалан буталсан түүхэн гавьяатай нөхөр. Түүний тухай сайн зүйл огт сонсогдохгүй. Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад огцрохдоо тамгаа авч зугтсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар ажиллаж байгаад буухдаа тамгаа өгөхгүй гүрийж байв. Энэ үедээ бусад улстөрийн намуудтай хуйвалдаан зохион байгуулсан гээд түүний тухай олигтой үг сонсох ямар ч аргагүй.

        Юутай ч Ардчилсан намын гишүүд дэмжигчид яаралтай ҮЗХ-г хуралдуулж, улмаар Их хурлаа хуралдуулж, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарыг жинхэлэх эсэх тухай нэн тэргүүнд ярилцах хэрэгтэйг сануулж тэмцэж байна. Хамгийн гол нь тэд есөн удаагийн сонгуульд бүдэрсэн шороотой бөх, зохиомол хээлтүүлэгчтэй сонгуульд орохгүй гэдгээ хаа хаанаа мэдэгдээд байгаа.

Н.Дөл

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …