Урин дулаан цаг болж сурагч, оюутан, залуус хээр хөдөө гарч, аялал зугаалгаар явах нь ихэсдэг. Энэ үеэр эцэг эхчүүд болон аяллаар явж байгаа бүх хүмүүст зориулж дараах сэрэмжлүүлэг ярилцлагыг хүргэхээр удган Н.Хишигжаргалтай уулзаж ярилцлаа.
– Хээр гадаа явсан хүмүүс газрын хорлолд өртөх, газрын гүйдэлд дайрагдах, лус савдагт хорлогдсоноос ааш зан хувирах, архи дарсанд орох, сэтгэл санаа хямрах, амьдрах итгэлгүй болох зэрэг сөрөг хандлагатай болдог гэлцдэг нь чухам ямар учиртай юм бол…
– Хавар цагт амьтай бүхэн амилж, байгаль өөрөөсөө хүчтэй эрчмийн урсгал гаргадаг. Үүнийг нь өвөг дээдэс гүйдэлд цохигдох, лусын хорлолд өртөх гэх мэтээр тайлбарладаг байжээ. Энэ их эрчимтэй газруудыг догшин хамаагүй харьцаж болохгүй гэж өвөг дээдэс сургадаг байсан. Одоо үеийн хүмүүс үүнийг хайхрахаа больсон. Үүний улмаас хүмүүс хамаагүй ийм газраар явж хорлолд өртөх нь элбэг болсон.
– Ямар хүмүүс ийм хорлолд өртөх нь элбэг байдаг вэ?
– Би сүүлийн 8 жил хүн үзэж байна. Үүнд гол төлөв шилжилтийн насны 13-19 насны залуус хонхны баяр, төгсөлтийн баяр гэдэг нэрээр бөөнөөрөө уул усанд очиж зугаалдаг. Энэ нас бол маш эмзэг шилжилтийн нас, хүүхэд наснаас насанд хүрэгсдийн эгнээнд шилжиж байгаа төдийгүй бие физиологид маш их өөрчлөлт гардаг үе. Гэтэл ийм эмзэг насанд хараа хяналтгүй бөөнөөрөө зугаалан, томчуудын хяналтаас гардаг. Энэ үеэр архи дарс хэрэглэж согтууран эрүүл ухаанаа алдах, шөнө орой шүгэлдэн дуулан орилолдох , цурхиран уйлах нь лусын хорлол болоход гол хүчин зүйл болдог. Ингэснээр догшин эрчимлэг газар лус бол нүдгүй тул зөвхөн үнэр чимээнээр ирдэг. Хиншүү хярвас гаргах, архийг газар тавьж уухаар тэр үнэрээр лус ирдэг. Бие биеэ шөнө дөлөөр нэрээрээ чанга дуудалцах нь ч хорлолд өртөх шалтгаан болдог. Тэр дуудагдсан нэрээр танигдан тухайн хүн хорлолд өртөх магадлал өндөр байдаг. Мөн согтуу байхдаа гол руу бие засах, хаана бие засаж байгаагаа ч мэдэхгүй балартсан согтуу үедээ юу эс хийх билээ. Голд сүү цагаа оруулах, хоорондоо зодолдоод хамраас гарсан цусаа шууд усанд угаах зэргээс хорлолд өртөх эрсдэл бий.
– Лусын хорлолд өртсөн хүмүүс яадаг юм бол?
– Архины дэв бузар болж, архинд донтоно. Насаараа архи ууна. Сэтгэцийн өвчтэй болно. Хий юм харна, ярина. Биеэр нь эдгэшгүй өвчтэй яр шарханд баригдана. Унадаг татдаг болно. Хамгийн гол нь насаараа өвчтэй болно гэсэн үг. Лусад хорлогдсон хүмүүс амиа хорлох, өндрөөс унах, хоолойгоо боомилох гэх мэт золгүй тохиолдол гардаг. Өндрөөс үсэрч амиа хорлохыг бүтэлгүй дурлал гээд ярьдаг ч үнэн хэрэгтээ лусын хорлолд өртсөн байдаг.
– Үүнийг засах арга дом байна уу, Тань дээр ирсэн тохиолдлоос ярьж өгөөч…
– Хонхны баяраар явсан нэг охин ирсэн. Галзуу болсон. Яваагүй бөө лам байхгүй. Хар усан тохой бий Гачууртад. Тэнд ангийнхаа багштай бөөндөө очиж хоносон. Шөнөдөө л галзуурсан. Лусын хорлолд өртсөн. Шөнөдөө ээж аав дээр нь багш нь аваад ирсэн. Элий балай юм яриад эхэлсэн. Тэр бол лусын хорлол. Галзууруулаад эмнэлэгт хэвтүүлээд жил гаруй болсон. Тэгэхээр лусын хорлол биежээд дасал болсон учраас аргалах ямар ч боломжгүй. Удаагүй сар гаруй болоод нас барсан гэж сонссон. Тэр хүүхэд голын эрэг дээр архи уусан байгаа. Үерхдэг банди нь өнөөдрөөс эхлээд үерхэхээ болих талаар хэлсэнд их цочирч хямраад архи уугаад голын эрэг дээр ганцаараа уйлж орилсон байгаа юм. Ийм харамсалтай жишээ олон бий. Өөр нэг залуу ирж байсан, хүүхэд нь 10 жил онц сурдаг, алтан медальтай төгссөн гэтэл хүү маань архичин болчихлоо. Эхнэр хүүхэд ч аваагүй гэж хэлж байсан, ар гэрээс нь. Бас голын эрэг дээр архидсан. Онгод хэлэхдээ 19 насандаа лус бузарлаж, голын эрэг дээр архи уусан байна. Түүнээс хойш архинд донтсон байна гэсэн. Гэтэл тэр бас л хонхны баяраа Тэрэлжид хийсэн. Тэнд маш их архидсан, тэндээс дэвтэж бузартсан байна. Хэрүүл болсон. Баахан хэрүүл шуугиан тарьж уйлалдсан. Түүнээс шалтгаалан энэ бузарт өртсөн байх юм. Энэ хүн архинаас гаргадаг эм хэрэглэээд ч, спираль тавиад ч нэмэргүй, лусын хорлолыг салгаагүй цагт юу ч хэрэглээд нэмэргүй байдаг.
– Лусын хорлолоос яаж салдаг юм бэ?
– Өвөг дээдэс янз бүрийн арга домоор хорлолоос салгаж байсан. Лусын тахилга хийх, лусад өргөл өргөх, лусаас өчил гуйх гэх мэт зан үйл бий. Биеийн бузар гаргах, бие сэтгэлийн засал хийдэг. Яаж хорлогдсоноос шалтгаална. Лүд золигт гаргах арга засал хийдэг. Үүнийг газар лусад олон жил өргөл тахил тавьсан лусыг сайн таньдаг туршлагатай бөө хийдэг.
– Удахгүй хонхны баярууд шил шилээ даран болно. Юуг сэрэмжлүүлэх вэ?
– Хамгийн түрүүнд би эцэг эх, багш нар, сургуулийн захирлуудыг санаа тавиасай, сэтгэл гаргаасай гэдгийг хэлмээр байна. Ганц өдрийн зугаа цэнгэлээс болоод хэн нэгэн хүний амьдралыг, амийг золиосонд битгий гаргаасай гэж хүсэх байна. Амьдралын босго алхаж байгаа охид хөвгүүдийг энэхүү эрсдэлээс хол байлгаж, зөв сайхан аж төрөхөд нь тусалж дэмнэж, анхааруулж сануулж байгаасай. Хонхны баярыг арай өөр аргаар тэмдэглэж болдоггүй юм болов уу. Хожмоо эрсдэлгүй гэмшилгүй тэмдэглээсэй гэж хүсэж байна. Би энэ санаагаа БСШУ-ны сайдад хүргүүлэх юмсан гэж боддог. Харин энэ дашрамд хэвлэлээр дуулгах боломж гарлаа. Энэ мэтчилэн лусын хорлолд өртсөн тохиолдлоо хэн нэгэндээ сэрэмжлүүлэхийн оронд бие биенээсээ нуудаг, хав дардаг. Тэр бүү хэл, 6 жил гэртээ хүүхдээ нуусан айлтай таарч байсан. Аливаа хорлол удахаараа ужигардаг. Ер галзуурсан, амиа хорлосон хүмүүсээ нэг нэгнээсээ тас нуудаг. Галзуурчихлаа, бөө лам дээр очье гэхээр бид шашингүй үзэлтэй, нэр хүнд муутгачихна гээд хүүхдээ 6 жил гэртээ нуусан байгаа юм. Би тэр эцэг эхийн өмнөөс их харамсаж гомдсон. Удалгүй хүү ч өнгөрсөн. Гашуун ч гэсэн үнэн бодит амьдрал. Тиймээс эцэг эхчүүд маш анхаарах хэрэгтэй. Ялангуяа хүүхэд залуустаа маш их анхаарах хэрэгтэй. Амьдралын анхны алхамыг архины сургалтаар эхлээд, ариухан охидыг нь хормойн бузраар эхлүүлээд байгаа нь өнөөгийн архичид, айл гэрийн амьдрал тогтворгүй байх үндсийг тавьдаг. Олон жилийн өмнө анх бузартсан хүнийг араас нь засах гэхээр хэт оройтсон байдаг нь харамсалтай.
– Энэ талаар мэдээлэл авах хүмүүс байвал хаашаа хандах вэ? Та холбогдох утсаа хэлж болох уу?
– Болноо, надтай холбогдохыг хүсвэл 98204320 утсаар ярьж тодруулж болно
Ярилцсан: Н.Дуламсүрэн