УИХ-ын дарга “Нэг Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах ажиллагаанд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах ажиллагаанд оролцлоо.

 DSC_9743       Шинэ зуунд хүн төрөлхтөний нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд дэлхийн улс орнууд боловсролын бодлогоо чиглүүлж байна. Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас энэ чиглэлд үе шаттай олон ажил хэрэгжүүлдэг. Тус яамны захиалгаар “Нээлттэй мэдлэг” боловсролын сан дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай, үнэ төлбөргүй, онлайн, нээлттэй сургалтын арга хэлбэр болох АНУ-ын ХАН Академийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын видео хичээлийг монгол хэлнээ орчуулан бэлтгэсэн бөгөөд “НЭГ Академи” хэмээх тус төслийнхөө үр дүнг өнөөдөр танилцуулсан юм.

 DSC_9770       УИХ-ын дарга тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч бол боловсрол, мэдлэг, чадвартай монгол хүн хэмээн онцлоод “Хэдхэн хоногийн өмнө болсон Монголын Эдийн засгийн чуулган дээр “монгол хүний хөдөлмөрийн бүтээмж өдөрт 5 ам. доллар байна, харин энэ үзүүлэлт дэлхийн дундажаар 50-60 ам.долларт хүрсэн  байна” гэж хэлж байсан. Үүнээс бид дэлхийн түвшинд ажиллаж, дэлхийн түвшний цалин авахын тулд хөдөлмөрийн бүтээмжээ 10 дахин нэмэх шаардлагатайг харж болно.
Бүтээмжээ нэмэгдүүлэх арга бол бид нийгмийн амьдралын бүхий л хүрээнд ажлын орчин үеийн арга барил, технологи нэвтрүүлэх, хүмүүсээ өндөр мэдлэг, чадвартай болгох юм. 3 сая иргэнд тасралтгүй суралцаж, хөгжиж байх насан туршийн боловсролын үндэсний тогтолцоо, боломжоор хангах юм. Ийм тогтолцоо, боломжийг бүрдүүлэгч-дэлхий даяар эрчимжиж буй шинэ сэтгэлгээ, шинэ хөдөлгөөний үндэс нь “Нээлттэй мэдлэг, боловсролын санаачлага”-ууд юм” гэлээ. Мөн тэрээр, сургалтын системд байгаа мэдлэгийг суралцахыг хүссэн хүн бүр хүртэх боломжтой нээлттэй байхыг дэмжих нь Монголын төрийн бодлогын тэргүүлэх хэсэг байх бөгөөд УИХ энэ чиглэлд өндөр ач холбогдол өгч, цаашид улам эрчимжүүлэхэд тууштай дэмжих зорилго тавьж байгааг тэмдэглэн хэлэв.

  DSC_9774       Тус арга хэмжээний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлсэн үгэндээ, орчин үеийн техник, технологийн дэвшлээс сургалтын арга хэлбэрийг ангид авч үзэх аргагүй. Тийм ч учраас Монгол Улсын боловсролын системд цахим сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэн ашиглаж байна. 2014 онд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн сурагчдад байгалийн ухааны хичээлийг бие даан суралцах цахим лаборатори бүтээж, нээлттэй эх үүсвэр болгосон. Энэ бол “НЭГ Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын нэг. Энэ удаад ХАН Академийн 500 видео хичээлийг орчуулан, олон нийтэд хүргэж байгаа бол 2015 оноос онлайн сургалтын системийг монгол хэлээр бүрэн ашиглах, виртуаль ангид суралцах боломжийг бүрдүүлэх ажил үргэлжлэн хийгдэнэ гэлээ.

DSC_9765       Нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С.Бямбацогт, С.Ганбаатар нар оролцов. Энэ үеэр тус төслийн үйл ажиллагаанд санаачилга гарган оролцсон зарим мэргэжилтэнд шагнал гардуулсан юм.

DSC_9802        Нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ирээдүйн монгол иргэдийг нэг зорилготой, мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай болгон төлөвшүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын үндсийг шинээр дэвшүүлэн тавьж, интернэт технологид суурилсан, нээлттэй, насан туршийн, тасралтгүй, чанартай боловсрол эзэмших боломжийг бий болгох юм байна. Түүнчлэн боловсролын үндэсний тогтолцоог нээлттэй мэдлэг боловсролын үзэл санаа, арга хэлбэрээр баяжуулж, бүх түвшний сургалтад нээлттэй боловсролын дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж, багш, мэргэжилтэн, эцэг эх, суралцагчдын хамтын ажиллагааны өргөн талбарыг бий болгохоор Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас үе шаттай олон ажлыг хийж байгаа аж. Үүний анхны үр дүн нь АНУ-ын ХАН Академийн 500 видео хичээлийг монгол хэлнээ хөрвүүлэн http://www.one.mn цахим хуудсанд байршуулсан явдал юм. Эдгээр видео хичээл үнэ төлбөргүй бөгөөд суралцагчдад тухайн хичээлийн шинжлэх ухааны ойлголтыг таниулах төдийгүй бүтээлчээр суралцах арга барил эзэмших, ойлгосноо хэрэглэх бодит ур чадвартай болгоход чухал ач холбогдолтой. Мөн видео хичээлийн даалгавар англи хэлээр байгаа нь суралцагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд тустай хэмээн үзсэн байна.
Энэхүү онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан сургалтын бүрэн систем тул монгол хэл дээр бүрэн болгож, сургалтын хөтөлбөрт  суусан хичээлүүдийг ХАН Академийн видео хичээлтэй агуулгын тохироц хийж,  сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн хэлбэрээр дэмжиж өгөх ажлуудыг 2015-2016 оны хичээлийн жилд үргэлжилэх юм байна. Ойрын хугацаанд дахин 500 видео хичээлийг байршуулахаар ажиллаж байгаа бөгөөд цаашид дээд боловсролын хөтөлбөрүүд, мэргэжлийн хөтөлбөр болон бизнесийн сургалтын хөтөлбөрүүдийг ч бэлтгэн оруулах бүрэн боломжтой болохыг төслийн багийнхан танилцуулсан юм.

  DSC_9769     ХАН Академийн онлайн видео сургалтын агуулга, арга зүй өнөөгийн сургалтын системийн шийдвэрлэж чадахгүй олон асуудлыг шийдэж, үр дүнтэй нь нотлогдож байгаа тул дэлхийн 200 орчим улс ач холбогдлыг нь үнэлж, 40 гаруй хэлээр орчуулж, сургуулиуддаа нэмэлт хэрэглэгдэхүүн байдлаар ашиглуулдаг байнахэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …