Ардчиллыг үүсгэн байгуулаад бид ирэх жил долоо дахь удаагаа УИХ-аа сонгоно. Харин ямар арга замаар сонгох вэ гэдэг дээр өнөөгийн УИХ-д суудалтай намууд эсрэг байр суурьтай байгаа билээ. Ардчилсан намын зүгээс 2012 оны сонгуулийг явуулсан аргаараа буюу 28:48 гэсэн холимог системээр явуулахыг дэмжиж буй. Энэ нь 28 хүн намын жагсаалтаар буюу нэг ч иргэнтэй уулзалгүй, ямар нэгэн мөрийн хөтөлбөр боловсруулалгүй нэг үгээр зүгээр сууж байгаад л УИХ-ын гишүүн болж “халдашгүй дархан эрх” эдэлнэ гэсэн үг. Эдгээр 28 хүнийг тухайн намын даргын “арын хаалга”-ны хүмүүс гэж ярих нь ч бий.
Харин МАН-ын зүгээс хуучин буюу цэвэр мажиратор системээр ирэх сонгуулиа явуулъя гэж байгаа. Энэ нь тойрог бүрт нам тус бүрээс нэг, нэг хүн нэр дэвшиж, ард түмнийг төлөөлөн УИХ-д суулаа гэхэд улс эх орон, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө юу хийж чадахаа амлаж байж сонгогддог систем юм.
Харин энэхүү системээр сонгуулиа явуулах нь зүйтэй гэж ард иргэдийн дийлэнх нь үзэж байгаа нь МАН-ын даргын тойргийнхоо иргэдтэй уулзсан уулзалтаас харагдаж байна лээ. Ер нь манай монголчууд тухайн хүнийг хэн нь хэн бэ гэдгийг ерөнхийд нь таньдаг. Тийм ч учраас шууд намын жагсаалтаар сонгогдсоноос арай илүү түшигтэй, хариуцлага өндөртэй гишүүд УИХ-д суух боломжтой гэсэн үг. МАН-ын зүгээс дэвшүүлж буй уг саналыг дэмжихгүй гэдгээ АН-ын дарга З.Энхболд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр албан ёсоор мэдэгдсэн. Түүний ярьж буйгаар бол холимог системээр сонгуулиа явуулах ёстой бөгөөд намын жагсаалтын 28-д өмнө нь УИХ-ын гишүүн болж байгаагүй хүнийг оруулахгүй аж. Энэ нь юугаа ч мэдэхгүй гудамжны нэг нөхөр улс төрд орж, элдэв бусын үйлдэл хийхгүй байх сайн талтай мэт харагдах ч энэ бол ердөө өнгөн тал нь. Харин үүний цаана улсад олон тэрбумын хохирол учруулсан, авилга хээл хахуульд идэгдсэн хуучин улстөрчид булхай үйлдэлээ “дархан эрх”-ийн дор дахиад дөрвөн жил хамгаалж үлдэнэ. Үүний үр дүнд улс төр дэхь идээ бээр улам л буглана.
Харин энэ мэт идээ бээрийг шахан гаргаж, хариуцлага алдсан нөхдүүдэд хуулийн дагуу хариуцлагыг нь үүрүүлэхийн тулд МАН-ын зүгээс сонгуулийг ямар системээр явуулах вэ гэдгийг бүх ард түмнээсээ асууя гэсэн УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад байгаа. Хэдийгээр олон суудал авсан АН энэ саналыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн ч эх орныхоо хэтийн ирээдүйн төлөө хуудуутай улстөрчдийг шахан гаргах гэсэн, эрүүл сэтгэлгээтэй хүмүүсээр төр засгаа удирдуулахыг хүссэн гишүүд байгаа гэдэгт итгэж байна.
Эдгээр гишүүдийг дээрх тогтоолын төслийг дэмжээсэй гэж ард түмэн ч хүсэж байна.
Т.АЮУ
www.ontslokh.mn