Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, гэргий С.Энхцэцэг болон хоёр талын албаны хүмүүс Чингисийн талбайд Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер, түүний гэргий Анита Херцег нарыг албан ёсоор хүндэтгэн угтаж авлаа.
Албан ёсоор угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер нар ганцаарчилсан уулзалт хийлээ. Ганцаарчилсан уулзалтын үеэр хоёр орны харилцааны зарим асуудлыг хөндөн ярилцав. Хоёр улсын хооронд 1950 оны дөрөвдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрч байна. Унгар Улс Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа 2006 онд хаасан боловч энэ оны долдугаар сард сэргээн нээхээр болжээ.
Ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээнд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди болон албаны хүмүүс, Унгарын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цецилиа Силаш, Унгарын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захирлууд, тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөл оролцлоо.
Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх шинэ боломж, бололцоо болон олон улсын тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон юм. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй болон бусад салбарын харилцааг хөгжүүлэх талаар ярилцаж, энэ нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой хэмээн үзлээ. Мөн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Боловсон хүчний яам хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2015-2017 онд хамтран ажиллах хөтөлбөрийг байгуулахаар албан ёсны хэлэлцээний үеэр тохиролцлоо. Ингэснээр Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монголын 100 хүртэл оюутан Унгарт суралцах боломж нээгдэх юм.