Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер нар гадаад, дотоодын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүлчдэд зориулан хамтарсан мэдээлэл хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн мэдээлэлдээ:
“Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер миний урилгыг хүлээн авч, гэргий Анита Херцегийн хамт манай оронд 2015 оны 4 дүгээр сарын энэ өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.
Унгар Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь 21 жилийн дараа хэрэгжиж буй Унгарын төрийн тэргүүний айлчлал бөгөөд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил хэрэгжиж буйгаараа онцлог юм.
Би өнгөрсөн 2014 оны 10 дугаар сард Унгар Улсад айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр ярилцаж тохирсон зүйлүүд, Эрхэмсэг Ерөнхийлөгчтэй тохиролцсон зүйлүүд үргэлжлэн амжилтай хэрэгжиж байгаад туйлын баяртай байна. Унгар Улстай бидэнд хамтын ажиллагааны уламжлалт салбарууд байдаг. Хөдөө аж ахуйн чиглэлд Унгартай хамтарч байгуулж байсан Биокомбинат байдгийг та бүхэн мэднэ. Энэ Биокомбинатыг цогцоор нь шинэчлэх ажлыг Унгар Улс, Монгол Улс хамтарч хийхээр болж байна. Энэ бол сайхан мэдээ. Ингэж чадах юм бол Унгар Улстай Монгол Улс чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр Азийн болон Европын зах зээлд хамтарч гарах боломж бүрдэх юм.
Байгаль орчин, ялангуяа усны болон мод тариалах салбарт хамтарч ажиллах өргөн боломж байна. Мөн боловсролын салбарт хамтарч ажиллах сайхан бололцоо гарч ирж байна. Өмнө нь бид энэ салбарт хамтарч ажиллаж байсан. Өнөөдөр Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр сургах оюутны тоог олон дахин нэмэгдүүлэх боломж нээгдлээ. Өмнө нь жилд 15 оюутан сургаж байсныг одоо 100 болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь маш сайхан мэдээ юм.
Унгарт өндөр технологийн салбарт гарч байгаа олон амжилт байдаг. Үүнийг хамтарч хэрэгжүүлэх талаар мөн сая Ерөнхийлөгчтэй ярилцлаа.
Эрхэмсэг Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нартай уулзаж, харилцааны тодорхой асуудлуудаар ярилцах болно.
Ингээд Эрхэмсэг Ерөнхийлөгч Янош Адер болон гэргий Анита Херцег, албаны бусад хүмүүсийг манай улсад амжилттай сайхан айлчлахын өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье. Баярлалаа” гэв.