Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд улстөрийн намууд дээр дооргүй л бужигналдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-д суудалтай гурван нам нэр дэвшигчдээ тодруулаад амжсан. Гэсэн хэдий ч зарим намын шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэхгүй нь бололтой.
Тодруулбал МАХН-ын дарга ноён Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх өвөртлөөд байгаа Н.Удвал болон бусад гишүүдэд хандан энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай эвсэж орно шүү гэсэн даалгавар өгснийг өчигдөр МАХН-ын Бага чуулганы гишүүн Г.Баярсайхан илчлэв. Түүнчлэн “МАХН-ын дарга Н.Энхбаяраас ирүүлсэн МАН-тай эвсэж орно гэсэн саналыг л бид тууштай дагах учиртай” хэмээн ярьсан байна.
Ийнхүү намын даргын хэлсэн үгийг үг дуугүй биелүүлдэг идэвхтэй тэдний хувьд даргынхаа захиасыг биелүүлэх нь дамжиггүй. Тиймээс МАН-аас нэр дэвшихээр болоод буй УИХ-ын гишүүн, үндэсний бөхийн их аварга Б.Бат-Эрдэнэд багагүй хүч нэмэх бололтой. Харин Н.Удвал сайд яах юм бол. Батламжаа гардчихсан байдаг.