АНУ-ын Тагнуулын Төв газрын офицер байсан 78 настай Норман Хожес 1959-1972 оны хооронд засгийн газрын тушаалаар 37 хүн хөнөөсний нэг нь нэрт жүжигчин Мерилин Монро байсан гэдгээ дэлгэсэн байна.
Виржини мужийн нэгэн эмнэлэгт хэвтэж байгаа өвгөн энэ дуулиант мэдэгдлээ хийжээ. Түүний хөнөөсөн хүмүүс нь “улс орны аюулгүй байдалд хөнөөл учруулах” аюултай байснаас өөрийн дарга хошууч Жеймс “Жимми” Хейвортын даалгавраар гүйцэтгэж байсан гэнэ.
Хожес орсон таван хүнтэй багийн золиос нь улс төрийн зүтгэлтэн, сэтгүүлч, үйлдвэрчний байгууллагын удирдагч, эрдэмтэн, зураач гээд төрөл бүрийн мэргэжлийн “аюултай” хүмүүс байжээ.
Тэдний амийг нь хөнөөсөн хүмүүсийн дотор жүжигчин Мерилин Монро ганцаараа эмэгтэй байсан гэж Хожес ярьжээ. Нэрт жүжигчин зөвхөн ерөнхийлөгч Кеннедитэй төдийгүй кубын удирдагч Фидель Кастротой нууц амрагийн харилцаатай байсан болохоор “старатегийн чухал нууц материалуудыг коммунистуудад дамжуулж болзошгүй байсан” гэнэ. Тийм болохоор америкчуудын хайртай кино жүжигчнийг алсандаа Хожес нэг их харамсдаггүй гэжээ.
Хожес 1962 оны наймдугаар сарын 5-ны шөнийн нэг цагийн үед кино одын өрөөнд ороод үхлийн тариа хийсэн гэнэ. Энэ нь Мерилин Монрог шууд үхэлд хүргэжээ.
Тагнуулын төв газрын ажилтан байсан, эмнэлэгт хэвтэж байгаа энэ өвгөний яриаг баталж нотлох нэг ч хүн амьд байхгүй юм байна. Хожесын дурдсан, түүний дарга байсан хошууч Хейворт гэхэд л 2011 онд зүрхний шигдээсээр нас баржээ.
Өдөр хоногоо хүлээн хэвтэж байгаа өвгөний яриаг юутай ч Холбооны мөрдөх товчоо анхааралдаа авч шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: everyday.mn