Өргөдлийн байнгын хороо хянан магадлах хуралдааны танхимтай боллоо

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг нээлттэй хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Хянан магадлах хуралдааны танхимтай болсон талаар өнөөдөр /2015.04.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү УИХ-ын тухай хуулийн 19.2 заалтыг хэрэгжүүлэх, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлэх бололцоог бүрдүүлэх үүднээс тус танхимыг нээснээ танилцуулав. Тус байнгын хороо нь иргэдээс олон тооны өргөдөл, гомдол хүлээн авдаг бөгөөд тэдгээрийг холбогдох бүх талын оролцоотойгоор нээлттэй хянан магадлах үйл ажиллагаа явуулах юм байна.

Мөн Өргөдлийн байнгын хороо ойрын хугацаанд төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсантай холбоотой бүх өргөдөл, гомдлыг судалж үзээд, хянан шийдвэрлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар Байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээллээ. Тэрээр “Энэ асуудлаар 2013 онд 393 гомдол, 2014 онд 512 гомдол ирсэн бол энэ оны 1 дүгээр улиралд 229 гомдол ирээд байна. Эдгээр гомдлын 54 нь ажлаас чөлөөлсөн, 50 нь бүтцийн өөрчлөлтөөс болж ажлаасаа халсан гэдэг шалтгаан дурдсан бол үлдсэн нь “үндэслэлгүй” гэсэн байна. Тиймээс манай байнгын хорооны нэг асуудлаар 100 дээш тооны өргөдөл, гомдол хүлээн авсан бол хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандана гэсэн дүрмийн дагуу энэ асуудлыг Хянан магадлах хуралдааны танхимд хэлэлцэнэ. Тус хуралдаанд Сангийн яам, Төрийн албаны зөвлөл болон Эрүүл мэнд, спортын яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчны яамны төлөөллийг оролцуулж, холбогдох гомдлыг шийдвэрлэнэ” гэлээ.

Тус байнгын хорооны гишүүн Ж.Батзандан, УИХ нь хууль тогтоохоос гадна хянан шалгах үүрэгтэй гэдгийг дурдаад “Сүүлийн 20 гаруй жил энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж хэлж болно. Тиймээс Өргөдлийн байнгын хорооноос УИХ-ын хянан магадлах, мөрдөн шалгах чиг үүргийг хүчтэй хэрэгжүүлж эхлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Хянан магадлах хуралдааны танхимтай болж байна” хэмээн хэллээ. Энэ үйл ажиллагаа нь төрийн дунд болон өндөр дээд албан тушаалтнуудын хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн …