Э.Мөнхтулга, С.Аюулгүй Ж.Ганхуягтай нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2014 оны 07 дугаар сараас эхлэн М-гэгчийн эмзэг, биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн баруун талд байрлах орцны подвальд, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаус 25 нэртэй зочид буудлын өрөөнд, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 34 дүгээр байрны арын дэнж дээр байрлах нийтийн байранд хүчээр байлгаж ашиг олох буюу мөлжих зорилгоор хүч хэрэглэж давтан үйлдлээр биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөгт оруулсан мөн Ж.Ганхуяг, У.Нямгэрэл нар нь 2014 оны 07 дугаар сараас хойш давтан үйлдлээр өөрийн эрхшээлдээ байсан М-ийг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлджээ.
Энэ хэрэгт Дүүргийн хоёрдугаар Прокурорын газраас хяналт тавьж 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3, 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.5 дахь хэсэгт зааснаар Э.Мөнхтулга, С.Аюулгүй Ж.Ганхуягт нарын үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Ганхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт зааснаар 15 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 15 жилийн хорих ял, У.Нямгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял, С.Аюулгүй, Э.Мөнхтулга нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт зааснаар тус бүрээс нь 50.000 төгрөг хурааж, 10 жилийн хорих ял оногдуулжээ.