Английн болон Японы нийгмийн сүлжээнүүдэд сүнстэй зураг өнөөдрийн халуун сэдэв болж байна.
Англи аав 2014 оны долдугаар сард Японд байхдаа бяцхан охиныхоо зургийг дарсан байна. Гэвч охины зургуудын ард яах аргагүй сүнс байсныг тэрээр баталж байгаа юм. Охиныхоо нэрийг нууцлахыг хүссэн аав өөрийнхөө дарсан зургуудыг өчигдөр “Dailymail” сонинд өгч, болсон явдлыг тайлбарлажээ.
38 настай Мартин Спринггалл Токио хотын хойд хэсэгт Зушид аялж явахдаа ургаа хадны хажууд охиныхоо зургийг дарж гэртээ үлдсэн эхнэртээ явуулахаар шийдсэн байна. Японы нийслэлд ажилладаг тэрээр дарсан зургуудаа орой нь үзээд гүн цочролд оржээ.
Учир нь түүний бяцхан охины ард яах аргагүй хүний хос хар гутал, цэнхэр цамц харагдсан байна. Эрэгтэй энэ зургийг ямар нэгэн программаар засаагүй болон зураг дарах үед ойр хавьд ямар ч хүн байгаагүй гэдгийг батлан хэлж байгаа юм.
Тэрээр “Би зургуудыг хараад маш их цочирдож эгдүүцсэн. Зарим зурагт огт гараагүй хэрнээ зарим зураг дээр түүний ард яах аргагүй хос гутал бас цэнхэр цамцны хормой харагдаж байсан. Би эдгээр зургууд 100 хувь ямар ч засвар хийгдээгүй гэдгийг нотолно” хэмээн ярьжээ. Мөн тэрээр “Миний охин маш ичимтгий тул хажууд нь хүн байхад зургаа даруулах дургүй байдаг юм” гэсэн байна.
Энэхүү зураг интернэтэд вирус мэт тархаж, тэр ч бүү хэл “Reddit” сайт дээр томоохон маргаан өрнүүлжээ. Уг нийгмийн сүлжээг хэрэглэгчид “энэ бол яах аргагүй Дэлхийн хоёрдугаар дайны үед америк цэргүүдийн өмсдөг байсан дүрэмт хувцас” хэмээн тодорхойлж байна. Тиймээс хэрвээ тэнд сүнс байсан бол дайнд оролцож явсан тэнгисийн цэрэг байж таарах нь хэмээжээ.
Охины эцэг ямар нэгэн шуугиан тарихыг биш чухам юу болсонд тайлбар олохыг хүссэн учраас олон нийтэд мэдээлсэн гэдгээ онцолжээ.
Г.Үжин
www.24tsag.mn