Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.04.23/ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа.
Улсын Их Хурлаас 2014 онд 34 дүгээр тогтоол баталж “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийг Засгийн газарт өгсөн бөгөөд уг чиглэлийн 1.4-т “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Тавантолгойн ордын талаар Улсын Их Хурлаас баталсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх”-ээр тусгажээ.
Мөн чиглэлийн 1.6-д “Тавантолгой–Гашуунсухайтын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах”-аар, Улсын Их Хурлын 2014 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 8.1-д “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг төсвийн бус эх үүсвэр, концессоор байгуулахаар тус тус заасан байна.
Тогтоолын төсөлд Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар Хөрөнгө оруулалтын гэрээг хавсралт гэрээнүүд болох Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ болон Хамтран ажиллах гэрээний хамт байгуулах зөвшөөрлийг Засгийн газар өгөх тухай тусгах, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баруун, зүүн Цанхийн уул уурхайн үйл ажиллагаатай холбогдох аж ахуйн гэрээнүүдийн эрх, үүргийг хөрөнгө оруулагч талд хариуцуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар даалгах, Улсын Их Хурлаас өмнө Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой баталсан тогтоолуудын уялдааг хангахтай холбоотой зэрэг 5 заалтыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.