Жил бүрийн дөрөвдүгээр сард Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генералын цол олгож эхэлсний ойг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай зүтгэлтэн 11 хөвгүүндээ генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Монгол Ардын Хувьсгалт Цэргийн даргалах бүрэлдэхүүнд офицерын цол олгож эхэлсэн нь ардын цэргийг орчин цагийн зэвсэгт хүчний зохион байгуулалтад нийцүүлэн өөрчлөх, цэргийн даргын манлайлал, нэр хүндийг өргөн, цэргийн хатуу чанд сахилга, дэг журмыг хэвшүүлэн тогтооход чиглэсэн нэн чухал түүхэн арга хэмжээ байв.
Тэр цагаас эдүгээ хүртэл зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагуудаас 163 мөрдөстөй тангарагтай генералууд төрж, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг амжилттай гүйцэтгэж ирлээ.
Монголын үе үеийн алтан мөрдөстнүүд ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ ямагт хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор халамжлан сургаж, аюулгүй орчинд үүргээ нэр төртэй биелүүлэх, өсөж хөгжих нөхцөл, боломжоор хангахын төлөө зүтгэж байна.
Шинэ үеийн генералууд монголын Зэвсэгт хүчин төдийгүй НҮБ-ийн энхийг дэмжих олон улсын цэргийн хүчийг командлан оролцож, эх орон, зэвсэгт хүчнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлж байгаад баяртай байна.
Эрхэм генералууд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генералын цол олгож эхэлсний 71 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Төрийн багана бат бэх байж,
Монгол генералуудын үйлс дэлгэрч байх болтугай.