“Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо”-ноос зохион байгуулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт орон нутгийн 100 сэтгүүлчийн уулзалт Төрийн ордны Иргэний танхимд боллоо.
21 аймгийн радио, телевиз, сонины сэтгүүлч, МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга нар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтнууд оролцсон энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, Орон нутгийн иргэдийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх тухай хөтөлбөр батлахаар төлөвлөсөн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг хүслээ.
Мөн аймгийн радио, телевизийн нэвтрүүлгийг тухайн аймгийн сумдад хүргэх техникийн боломжийг бүрдүүлэх, аймгийн телевизүүдийн нэвтрүүлгийн тодорхой хэсгийг Улаанбаатарт цацах, орон нутгийн шуурхай мэдээллийг орон даяар дамжуулах эрхзүйн болон техникийн боломжийг бүрдүүлэх, сумын шуудангийн үйл ажиллагааг сумын захиргаа болон иргэдийн хяналтад оруулж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэхэд хамтарч ажиллана. Төрийн мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтнуудын үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд уулзалтад оролцохдоо илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.