2014 оны 12 дугаар сараас хойш Уругвайд оршин сууж байгаа Гуантанамогийн хоригдол байсан зургаан хүний гурав нь тус улсын нийслэл Монтевидео хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрны дэргэд өчигдөр эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж суулт хийсэн байна. Өгсөн амлалтаа биелүүлээгүй учир тэд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан тухай “USA Today”агентлаг мэдээлж байна.
Куба дахь Америкийн Гуантанамо шоронгийн хоригдлуудыг Уругвайд шилжүүлэх талаар тус улсын Засгийн газар АНУ-ын эрх баригчидтай 2014 онд тохиролцсон боловч хоригдлуудыг Уругвайд шилжүүлэн өгсний дараа тухайн үед Ерөнхийлөгч байсан Хосе Мухика гадаадад зорчиход нь тэдэнд саад болохгүй гэж мэдэгдэж байжээ. Испани хэл сурч, аль болох хурдан ажилд орохыг Гуантанамод хоригдож байсан хүмүүст уриалсан байна. Гэвч тэд одоог хүртэл ажлын нэг ч санал хүлээж аваагүй аж.
Сирийн хоёр иргэн, Тунисийн нэг иргэн амласан тусламжаа үзүүлээгүй учир АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахыг шаардсан байна. Эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулагсдын ярьж буйгаар “НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газраас сард олгодог 15 мянган уругвай песог /560 орчим доллар/ тэд сүүлийн хоёр долоо хоног аваагүй” гэжээ.
Тэдний хоёр нь төлбөрөө төлөөгүй учраас амьдарч байсан зочид буудлын өрөөнөөсөө гарч, Уругвайн үйлдвэрчний эвлэлийхний олгосон түр орон сууц руу нүүжээ. Гуантанамод хоригдож байсан хүмүүст эд материалын тусламж үзүүлэхэд АНУ оролцох ёстой гэж Уругвай улсын одоогийн Ерөнхийлөгч Табаре Васкес дөрөвдүгээр сарын эхээр мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.TODAY.mn