Тайландын Вант Улсын ерөнхий прокурор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

600x600Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Тайландын Вант Улсын ерөнхий прокурор Тракул Винитнайяапак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ ”Өнөөдөр хоёр орны прокурорын байгууллага хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан тухай сонсоход таатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал, албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлогын асуудлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Төрийн тэргүүн олон шинэ хуулийг санаачлан УИХ-аар батлуулж, хууль, шүүхийн салбарын шинэтгэлийн ажлыг эрчимжүүлж, өөрчлөлтүүд хийж байгаа бөгөөд Монгол Улсын прокурорын байгууллага үүнд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Цаашид хоёр орны прокурорын байгууллага өргөн хүрээнд хамтран ажиллах эхлэл тавигдсанд талархал илэрхийлье” гээд өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсад өрнөсөн ардчиллын үйл явц, хэрхэн сонгуулийн тайван замаар социалист нийгмээс ардчилалд шилжсэн, шинэ Үндсэн хуулиа ямар зарчмаар боловсруулан баталсан талаар танилцууллаа. Мөн Киргиз, Мъянмар зэрэг орнууд Монголын ардчиллын туршлагаас судалж буйг хэллээ.

Тэрээр мөн Монголд аливаа зөрчилтэй асуудлыг тайван замаар, сонгуулийн аргаар шийдэж ирсэн. Тайландад өнөөдөр цэргийнхэн засгийн эрх барьж байгаа. Тайланд Улс Шинэ Үндсэн хуулийн төслөө хэзээ боловсруулан батлах вэ гэдгийг Тайландын Вант Улсын ерөнхий прокуророос сонирхсон юм.

Тайландын ерөнхий прокурор Тракул Винитнайяапак түүний асуултад хариулахдаа “Тайланд Улс өөрийн онцлогтой. Эзэн хаандаа үнэнч байдаг. Үндсэн хуулиа шинэчлэн боловсруулахаар Шинэтгэлийн хороо ажиллаж байна. Одоогоор шинэ Үндсэн хуулиа хэзээ батлахыг мэдэхгүй байна” гэлээ.

Уулзалтын дараа Тайландын прокурорын байгууллагын төлөөлөгчид Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор, Төрийн есөн хөлт цагаан тугт танхимыг үзэж сонирхов.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …