Нигерийн арми хэт даврагч Боко Харам бүлэглэлийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүс нутгаас 200 охин, 93 эмэгтэйг аварсан тухай мэдээлсэн байна. Гэвч тэдний дунд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Чибок тосгоноос хулгайлагдсан охид байгаагүй гэнэ. Нигерийн арми Боко Харамын дөрвөн ч цэргийн бааз байрладаг Самбиса ойд явуулсан цэргийн ажиллагааны үеэр эдгээр эмэгтэйг чөлөөлжээ. Түүнчлэн хэт даврагчдын зэр зэвсгийг хяналтдаа авчээ.
Нигерийн Засгийн газар сүүлийн саруудад цэргийн ажиллагаагаа идэвхжүүлж байгаа бөгөөд Боко Харамын хяналтаа тогтоогоод байсан олон бүс нутгийг чөлөөлжээ. Тус улсын эрх баригчид өнгөрсөн онд хэт даврагчидтай гал зогсоох хэлэлцээр хийж, Чибок тосгоноос хулгайлсан охидыг суллахын тулд ажиллаж байсан ч үр дүнд хүрээгүй юм.
Одоогийн байдлаар АНУ, Хятад тэргүүтэй хэд хэдэн улс охидыг олоход тусална гэдгээ мэдэгдээд байгаа билээ. 2012 оноос хойш Боко Харам бүлэглэлийн гэмт халдлага, цэргийн ажиллагааны улмаас 15500 хүн амь насаа алдсан байна. Харин сүүлийн жилүүдэд тус бүлэглэлийн үйл ажиллагаа хүчээ авч Нигери төдийгүй хөрш зэргэлдээ Чад, Камерун, Нигер зэрэг улсад гэмт халдлага үйлдэх болжээ.
Б.Саруул
эх сурвалж: eagle.mn