Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан, Д.Сумъяабазар, Д.Батцогт нарын найман гишүүн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газарт шилжүүлж буйгаа мэдэгдэн, өнөөдөр /2015.04.29/ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад гардууллаа.
Энэ хууль нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг шинэчилж, төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлахгүйгээр одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын зэрэгцээ эмнэлгийн санхүү нөөцийг үр ашигтай ашиглах, менежмент удирдлагын арга барилыг дэмжсэн хуулийн төсөл болсон хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Мөн тэрээр, эмнэлэг бол төрийн байгууллага биш төрийн үйлчилгээний байгууллага гэдэг статусыг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгсөн бөгөөд бусад хуулиудтай уялдуулахдаа одоо байгаа тэтгэмж, урамшууллыг хасахгүйгээр шийдэх ёстой гэдгийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбад хэлэв.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал их. Тийм ч учраас УИХ-ын гишүүд энэ салбарт онцгой анхаарч буй. Энэ оны эхээр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 07 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлнэ. Одоо бид Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг Засгийн газарт шилжүүлж байна. Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй, мэргэшсэн мэргэжилтнүүд дундаасаа эмнэлгийн удирдлагаа сонгодог болохыг хуулийн төсөлд тусгаж буй. Мөн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох, ажилчдынхаа хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах гээд энэ салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чухал заалтуудыг хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихыг Эрүүл мэнд, спортын сайдаас хүсэв.
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудал олон жилийн турш яригддаг ч нийгмийн хөгжлийн өмнө анхаарал халамж муу, зөвхөн яригдах төдийгөөр өнөөдрийг хүртэл явсан. Эрүүл мэнд, спортын яамнаас энэ салбарт хэрэгжүүлэх гол бодлого зорилт маань биелэх боломжийг бүрдүүлсэн хуулийн төсөл боловсруулжээ гээд УИХ-ын гишүүдэд талархаж буйгаа илэрхийлэв. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл нь зургаан бүлэг 52 зүйлтэй юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.