Нэг үдэш аянчин эр эзгүй хоосон байшинд буудаллажээ. Гэнэт шөнө дунд чөтгөр хүрч ирэв. Тэрбээр үхсэн хүний хүүр авчраад шалан дээр чулууджээ. Удалгүй бас нэг чөтгөр ирж: “Энэ бол миний олсон хүүр” хэмээжээ. Хоёр чөтгөр хоорондоо маргалдаж хэлэв. Тэгснээ эхний чөтгөр нөгөөдөө: “Ингэвээс бидний хэн нь ч юм олж үл долооно. Ерөөсөө гэрч авчирч, хэний олсон хүүр болохыг хэлүүлье” гэв.
Нөгөө чөтгөр нь зөвшөөрчээ. Эхний чөтгөр нь энэ бүх хэрэг явдлыг харж, үнхэлцгээ хагартал айж байшингийн буланд шигдсэн нөгөө хүнийг гаргаж ирээд “Хэн анх хүүр авчирсныг хэл” гэж тушаав. Айж чичирсэн хүн өөрийгөө хаашаа ч гарах аргагүй болсныг ухаарчээ. Хэрэв тэрбээр хоёр чөтгөрийн нэгийг нь дэмжиж, нөгөөг нь гомдоовол зайлшгүй алуулна. Яасан ч үхлийн аюулаас мултрах аргагүйгээ ухаарч, зориг орсон эр санаа шулуудаж, яг харснаа хэлжээ. Хоёр дахь чөтгөр яг л бодсоноор нь хилэгнэж, өрөөсөн гарыг нь тас татан хаяжээ. Эхний чөтгөр үхсэн хүний гарыг авч, тасарсан гарынх нь оронд тогтоов. Улам уурссан хоёр дахь чөтгөр нөгөө гар, хоёр хөлийг нь таслаж, түүгээр ч зогсохгүй бие, толгойг нь тасджээ. Эхний чөтгөр бүгдийг нь үхсэн хүний эрхтнээр сольж орлуулжээ Хоёр чөтгөр хоорондоо цуцаж ядартлаа маргаад тэр өрөөнд энд тэнд хэвтэж буй хүний гар, хөл, бусад эрхтнүүдийг идчихээд ам хамраа арчсаар арилаад өгчээ. Аянчин ганцаархнаа хоосон байшинд үлдэн. Түүний хоёр гар, хөл, бие, толгой, ер нь эцэг эхээс заяасан бүх эрхтнийг хоёр чөтгөр идэж, оронд нь огт танихгүй хүний эрхтэнтэй болгожээ. Ингээд аянчин өөрийгөө би мөн үү, эсвэл би бус уу хэмээн ялгаж ухаарахаа больжээ. Үүрээр элий балай хүн лүгээ адил, аймшигт шөнийг өнгөрөөсөн байшингаасаа гарч явлаа. Замд нь сүм тааралдсанд баярлаж, тэнд ороод урьд шөнө өөртэй нь тохиолдсон явдлыг нэгд нэгэнгүй ярьж хэрхэхийг асуужээ. Хүмүүс аянчны ярьсныг сонсчихоод өөрийн “би” үл орших үнэнийг ухаарчээ.
эх сурвалж: budda.mn