Улс төрчид минь А.Мөнхбатаас айгаад байж дээ

32_36bcd34b51fac20e0cb029de045f0f4af1230a05Монголын залуучуудын холбоо гэх гал цог нь унтарсан, байрныхаа хэдэн өрөөг түрээслэж, удирдах шатны хэсэг нөхдөө амь зуулгадаг байсан тарчигхан явдалтай байгууллагыг 2012 онд Ц.Зоригтбаатараас төрийн албаны суудлаа сонгуульд нэр дэвших нэрээр өгөөд байсан А.Мөнхбат авсан билээ.

Гарч ирэнгүүтээ их сайхан ажил өрнүүлсэн. Яагаав нөгөө, “Паркаа авръя” хөдөлгөөн. Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж, “Мон-Уран”, “MCS”, “Сөүл” групп, “Бодь” группийн удирдлагуудыг урьтал “Мон-Уран”-ы Б.Наранхүү ганцаарахнаа пал хийтэл ороод ирдэг. Энэ хэлэлцүүлэг бодит байдал дээр үр дүнгээ өгөлгүй, тэгэсхийгээд замхарсан ч  А.Мөнхбат болоод Б.Наранхүү нарын нэр хүндийг ҮНЭМЛЭХҮЙ шатанд аваачсан явдал болсон.

Бүтсэн ч, эс бүтсэн аль нь хамаагүй,  гагцхүү том сэдэв шүүрч,  түүнээсээ зүүгдэн өндөрлөг авахын ухааныг ингэж А.Мөнхбат биеэр үлгэрлэн үзүүлснээс хойш багагүй цаг хугацаа өнгөрчээ. Тэр үзлээ МЗХ-ны V хурлаараа бүр зарлан тунхаглав шив.

Ингэдгийн, харжий гэж ирээд л…

МОХ-ын тэргүүн хурлыг орхиж, А.Мөнхбат индрээс хашгирсаар үлдсэн нь

Уг нь хурал их сайхан нэр томьёо, уриалга лоозонтой зарлагдаж, тэр хэрээр залуус ч идэвхтэй оролцохоор мэрийсэн. Тэр нь, МЗХ-ноос Үндэсний залуучуудын зөвлөл байгуулахаар шийдэн, хурлын өмнө сонгуульт ажлын бүртгэл эхэлж, нийт 587 иргэн холбогдох албан тушаалд дэвших хүсэлтээ илэрхийлсэн явдал юм.

ҮЗЗ гэгч нь тус холбооны зүгээс тайлбарласнаар бол залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулсан Монгол залуусын хамгийн том НЭГДЭЛ байхаар тусгагдаж, 339 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах аж.

Идэр залуусын төлөөллүүд онлайнаар нэр дэвших эрхээ баталгаажуулахын тулд МЗХ-ны холбогдох дансанд “дэнчин” гэх нэрийн дор 240 мянган төгрөг байршуулж, өөрийн товч танилцуулга, эссэ сэлтээ мөн илгээх шаардлага тавьсан.  Ингэж бүртгэл нь ийм энгийн юм шиг атлаа туйлаас зальтай эхэлж.

Нэр дэвшигчид тэрхүү шаардлагыг хараад эрхбиш өрсөлдөөн явагдана, ҮЗЗ-д багтаагүй тохиолдолд дэнчингээ эргүүлэн авна гэхчлэн тооцоолохоор мессежее нийтэд илгээсэн байгаа юм. Дэнчингийн мөнгөний тухайд А.Мөнхбатыг мөнгө угаах үйлдэл хийлээ гэх шуум явж байгаа ч энэ мэтээс өөрийгөө цэвэрхэн аваад гарах ухааныг анхнаасаа төлөвлөсөн л байж таараа. Буцаагаад тараадаг сан уу, авдаг сан уу. Хэнд асуудал хамаарна, тэр хүрээндээ үлдэх биз.

Аа харин,  ҮЗЗ-д нэр дэвшигчид, ялангуяа томоохон албан тушаалуудад “өрсөлдөөн” явагдсан уу гэдэг л сонирхол татаад байгаа юм. Ялангуяа таван насны ангилал бүхий  дэд ерөнхийлөгчийн сонгууль. Хурлыг МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтансүх, МОХ-ын тэргүүн Д.Батбаяр нар даргалах нэрээр тайзан дээр тухалсан боловч, микрофон хурлын турш ерөнхийлөгчийн гарт атгаастай байжээ.

Дэд ерөнхийлөгчид нийт 62 хүн нэрээ дэвшүүлснээс 16-19 насанд МУИС-ийн Олон улсын сэтгүүлчийн 3-р дамжааны оюутан У.Басбиш, 20-24 насанд МЗХ-ны УХАГ-ын ахлах мэргэжилтэн Ө.Шинэхүү автоматаар сонгогдож. Учир нь тэдэнд өрсөлдөгч байсангүй.

Харин дараа нь жинхэнэ жүжиг эхэлж, А.Мөнхбат тайзан дээрээс шуудхан 25-29 насанд Монгол банкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугар /МАХН/, 30-34 насанд ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан /АН/, 35-39 насанд UFC группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат/МАН/ нарыг дэд ерөнхийлөгч болгож байгаагаа зарласан байна.

Тэр энэ үйлдлээ МЗХ-ны үйл ажиллагаанд улс төрийн намуудын байр суурийг тэнцвэртэй байлгах үүднээс хийж байгаагаа ч тайлбарлаад авч. Микрофон бараг олдохгүй байсан ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан “Н.Цэрэнбатыг сонгоно гэхээр манай дарга уурлаад байна” гэж завсраар нь учирлаад авсан гэх. Д.Амарсайхан яахав, АН-ын лидерүүдийн гар хөлийн хүн гэдэг утгаараа  төрийн албан хаагчийн үүргийг ийм өндөр түвшинд ухамсарлаж, хурлын явцыг зүгээр л утсаар тайлагнаад сууж л дээ.

Харин МОХ-ын тэргүүн Д.Батбаяр  “Залуусын тэмүүлэл, хүсэл зорилго дээр гишгилж, улс төрийн шоу хийлээ. МОХ энэ ажилд тань оюутнуудаа хольж хутгахгүй” хэмээгээд, хурлыг орхин одож, А.Мөнхбат хурлын индрээс хашгирсаар үлдсэн гэх.

Мэдээж хурлын уур амьсгал авах юмгүй болж, 60 орчим залуус шуудхан гарч явсан бөгөөд А.Мөнхбатын хувийн тоглолтыг сайшаасан буюу дэмжсэн, аргагүйн эрхэнд байлцсан хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр тавдугаар хурал баярын зургаа татуулжээ.

Нэг иймэрхүү байдлаар албан тушаалын бялуугаа А.Мөнхбатын тааллаар хэрчин идэцгээсэн ҮЗЗ цаашид залуучуудын хөгжилд ямар хувь нэмэр оруулж, тэдний дуу хоолойг хэрхэн илэрхийлэхийг хэлэхэд бэрх.  Гэхдээ А.Мөнхбатад бол бодсон юм бий.

Сайн ажиглаад харах юм бол, хурлаа өндөр ур чадварын хүрээнд  даргалсныхаа  шанг тэр ийм аргаар эргүүлэн авахаар зүтгэх  дүр  төрх үүсэж байгаа юм.

Хар ба цагаан жагсаалтын ардах мөнгө угаалт

ҮЗЗ нь жилд хоёроос доошгүй удаа хуралдаж байх аж. Эл журмынхаа дагуу тэд ирэх  есдүгээр сарын 29-д хоёрдугаар хурлаа хийнэ гэж байгаа. Хурлаар хэлэлцэх гол асуудал нь 2016 оны УИХ-ын сонгууль болон  Орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг нь дэмжих “Цагаан жагсаалт” , нэрийг нь дэвшүүлж болохгүй улс төрчдийг багтаах  “Хар жагсаалт”–ын нэгдсэн дүнг гаргах.  Түүнийгээ нэгтгээд аравдугаар сарын 2-н буюу С.Зориг агсаны нас барсан улс төрийн “хар өдөр” жагсаалтуудыг олон нийтэд зарлахаар тогтов.

Тогтов ч гэж дээ. Энэ хурлаар уг жагсаалтыг гаргах журам баталсан юм билээ.  Хурлын үеэр залуус “Ингэж болохгүй. Залуусын байгууллага гэх утгаа алдаж, улс төрд хэт орох нь дэмий” гэх санаагаа илрэхийлсэн боловч А.Мөнхбат тас зөрсөөр журам гэгчээ баталгаажуулж байж санаа нь амарсан аж. Мөн энэ үеэр МЗХ-ны үндсэн сайт болох www.myf.mn сайтаар дамжуулан 5-р сараас  9-р сарын хооронд санал асуулга өрнөнө гэдгийг ч өөрийн биеэр зарлаж.

“Одоо тэгэхээр улс төрчид минь А.Мөнхбатаас айгаад байж дээ. Хар жагсаалтаар хэн  хэн ч гараад ирэх юм билээ. Гэхдээ бас хэт их айж болохгүй.  Та бүхнийг “сиймхийг сайтар ашигла” гэсэндээ нам намын төлөөлөл бүхий дэд ерөнхийлөгчтэй МЗХ ажиллах болно. Ухаандаа С.Баярцогтын нэр хар жагсаалтад гарвал Д.Амарсайхан зохицуулах нь байна ш тээ. Юм гэдэг ийм нарийн. Тэгэхийн тулд улс төрчид  та мөнгөтэй байхад л болно

Надад лав дээрх хошин бодол л төрж байна. Улс төрчдөд ч  бас тэгж л зөвлье. Адтай жаалууд ар хударган дор чинь үүрэлж, жинхэнэ популист ухааныг тунхаглан зарлах нь дээ, улс төрчид минь. Араа л боддог юм шүү.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр  “сайхан болоод өнгөрлөө” хэмээн дүгнэгдсэн МЗХ-ны тавдугаар их хурал үнэндээ ганц хүний хийрхэл дор, үзэмж дор тун ч тааруухан болон өнгөрч, олон залуус сэтгэл дундуурхан буцсан нь ийм учиртай аж.

Г.Итгэл

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …