Оросын балетын амьд домог гэгддэг Майя Плисецкая 89 насандаа таалал төгссөн тухай Большой театрын захирал Владимир Юрин мэдэгдлээ. Тэрээр зүрхний шигдээс өвчний улмаас Мюнхенд насан эцэслэсэн байсан. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа РИА агентлаг “Оросын соёл төдийгүй, дэлхийн балетын урлагт нөхөж баршгүй том гарз тохиолоо” хэмээн мэдэгдсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Майя Плисецкаягийн гэр бүл, шүтэн бишрэгчдэд эмгэнэлийн цахилгаан илгээжээ.
Майя Плисецкая есөн наснаасаа балетаар хичээллэж эхэлсэн бөгөөд 11 настайдаа анх Большой театрын тайзнаа гарч байсан аж. Харин 1943 онд буюу 18 настайдаа Оросын Большой театрын бүжигчнээр ажиллаж эхэлсэн тэрээр асар богино хугацаанд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн алдарт балетчин болж чадсан юм. Түүний бүтээсэн “Хунт нуур”-ын Одетта, “Нойрсч буй гоо гүнж”-ийн Аврора зэрэг олон дүр дэлхийн балетын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн.
Тухайн үед авч болохын хамгийн шагналуудыг авч, хүрч болох хамгийн өндөр амжилтанд хүрсэн тэрээр 65 настайдаа тайзаа орхижээ. Майя Плисецкая 1991 онд өөрийн нөхөр, хөгжмийн зохиолч Родион Щедриний хамт Герман руу нүүж, тэндээ бүжиг дэглээч, бүжгийн багшаар ажиллах болсон байна.
Б.Саруул
эх сурвалж: eagle.mn