“Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурна
Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг дэмжиж, энэхүү хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад олгох Ерөнхий сайдын Захирамж гаргахаар тогтлоо.
Том хэмжээтэй дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийг салбарын бодлоготой уялдуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, Санхүүжилтийн хэлэлцээрийг 2012 онд байгуулсан байна.
Хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатанд
· Босоо тэнхлэгийн дагуу 7,7 км замыг сайжруулах
· Энхтайваны гүүрний өргөтгөл
· Босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусны 14 км шугамын барилгын ажил
· Босоо тэнхлэгийн дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн 14 км дэд бүтцийг сайжруулах
· Автобусны байршил тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх
· Төслийн удирдлага, зураг төсөл, институцын хөгжил
зэрэг ажлыг АХБ-ны 59,9 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээл, Дэлхийн байгаль орчны байгууллагын 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монголын Засгийн газрын 17 сая ам.долларын хөрөнгөөр хийхээр төлөвлөж байна.
Товч мэдээ
- – Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
- – Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
- – Бельгийн Вант улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийг Франц Бельгийн хамтарсан FSE компаниар гүйцэтгүүлэх асуудлыг Бельгийн талд тавьж, тус компанитай худалдааны гэрээ байгуулж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад даалгалаа.
- – Энэ оны гуравдугаар сард хуралдсан Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны анхдугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд бөгөөд тус хорооны дарга Н.Төмөрхүүд даалгалаа.
- – Хоёр улсын хооронд байгуулсан олон улсын гэрээг данслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар улсын Засгийн газар хоорондын протокол”-ын төслийг хэлэлцэн дэмжээд протоколд гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.
- – Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин энэ сарын 13-15-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
- – Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн сарын 19-24-нд Индонезийн Жакарта болон Бандунг хотод болсон Ази-Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцсон дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
- – Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар өнгөрсөн сарын 20-нд шийдвэрлэсэн. Ноолуурын салбарын зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор Засгийн газрын энэ хуралдаанаас шийдвэрлэлээ.