Австралийн тэргүүлэх их, дээд сургуулиуд, үүн дотор Сидней Их сургууль, Австралийн Үндэсний их сургуулийн гадаад оюутны асуудлыг хариуцдаг байгууллагууд авлигад автаж оюутны элсэлтийг хангахын тулд дүнг өөрчилдөг байжээ. Австралийн дээд боловсролын салбар дахь булхай, багш нарыг хахуульдах, дүн засварлах зэрэг нь олон улсын дээд боловсролын зах зээл дээрх тус улсын гадаад оюутны зах зээлийн нэр хүндийг унагахад хүргэж байна. Сэтгүүлчдийн хийсэн судалгаагаар гадаад оюутнууд Австралид ирэхдээ дөнгөж 4.5 гэсэн англи хэлний мэдлэгийн түвшинтэй ирдэг байна. Гэтэл дээд сургуульд элсэн суралцахын тулд 7 гэсэн үнэлгээтэй байх ёстой аж. Сэтгүүлчдийн хийсэн судалгаагаар Сиднейд байрладаг нэгэн компани оюутнуудын бичгийн ажил, компьютерээр авдаг шалгалтыг хүртэл өгч байсан байна. Иймэрхүү байдлаар шалгалтаа өгсөн 1000 гаруй гадаад оюутан байгаа аж. Хараат бус Авлигатай тэмцэх хорооноос нийтэлсэн материалд гадаад оюутнуудаас олж буй хөрөнгө нь их, дээд сургуулиудад авлигын нөхцөл үүсгэсэн хэмээн онцолжээ.
Зуучлагч байгууллага болон оюутнуудын үгсэн хэлэлцсэн явдалтай бараг бүх их, дээд сургууль тулгарсан бөгөөд Сидней Их сургууль, Технологийн их сургууль, Ньюкаслын Их сургуулийг төлөөлж буй Хятадын зуучлагч компаниуд засварласан дүнгийн материалыг хүлээн авдаг байв. Их, дээд сургуулиудын удирдлага зуучлагч компаниудтай санхүүгийн болон хувийн харилцаатай байсан явдлыг Авлигатай тэмцэх хороонд мэдэгджээ. Их, дээд сургууль гадаад оюутнуудаас маш их хэмжээний ашиг олдогтой энэ бүхэн холбоотой хэмээн уг асуудлыг эрэн сурвалжилсан сэтгүүлчид тайлбарлаж байна.
эх сурвалж: iaac.mn