Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх “Интерпол” агентлаг дэлхийн олон оронд хандан мэдэгдэл хийлээ. Тус байгууллага 190 орны цагдаагийн газруудад тураах эмийн худалдааг шалгах сануулга өгчээ. Их Британид зургаан хүн интернэтээр тураах эм захиалан хэрэглэсний улмаас амиа алдсаны дараа энэхүү анхааруулгыг гаргасан байна.
Интерполын албаныхан худалдаачид хууль бус эмээ интернэтээр халхлан борлуулж байна гэжээ. Тэрхүү хууль бус эмийн найрлагад хортой химийн бодис орсон учраас олон хүний аминд хүрч байгаа аж.
Өнгөрсөн сард 21 настай англи бүсгүй “Dinitrophenol” нэрт тураах эмнээс 8 ширхгийг уусны дараа амиа алджээ. Хохирогч бүсгүй хэвийн жинтэй байсан боловч илүү турахын тулд эмийг уусан байна. Харин бусад таван хохирогч нь 2008 оноос хойш амиа алдсан хүмүүс гэв.
“Шидэт тураах эм” хэмээн сурталчлагдан онлайнаар худалдаалагдаж буй эмийг Францын иргэн уусны дараа мөн хордсон тохиолдол гарсан байна.
Хууль бус наймаачид онлайнаар бүтээгдэхүүнээ худалдаалахдаа тест хийж үзэхийг хүртэл санал болгодог гэлээ. Мөн тураах эмийг капсулаас гадна шингэн, болон тосон хэлбэрээр худалдаалж буйг анхааруулжээ.
Мэргэжилтнүүд эмний нарийн бүтцийг судлахаар Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн лабораторид дээжээс нь явуулсан байна.
Өнгөрсөн сарын 12-ны өдөр амиа алдсан эмэгтэйн ярьснаар охин нь дотроосоо шатаж үхсэн байх гэжээ. Учир нь эм хүний биеийг дотроос нь халааж бодисын солилцоог түргэтгэснээр таргалахаас сэргийлдэг аж. Гэвч хүнд усгүйжих, бөөлжих, зүрх дэлсэх зэрэг шаналал авчирдаг байна. Энэ эмийг удаан хугацаанд хэрэглэвэл хорт хавдар үүсгэх магадлалтай аж.
эх сурвалж: everyday.mn