BRT төслийн нэгдүгээр шатны санхүүжилтийг шийдвэрлэлээ

121332d63d0b2f68269406c7d1580264Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар  хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” буюу BRT /Bus rapid transit/ – ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Уг хөтөлбөрийн анхан шатны санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Ж.Эрдэнэбат,  Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нар гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат нар оролцов.

Гарын үсэг зурах арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Юуны өмнө Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэх энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах ажлыг удирдан зохион байгуулж бидний ажилд дэмжлэг үзүүлсэн Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон уг хөтөлбөрийг санхүүжүүлж буй Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр, тус газрын хамт олон, ажлын хэсэгт талархал илэрхийлье. Хотын захиргаа төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана” гэлээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын  баримт бичигт тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой бөгөөд нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хамтран 2009 оноос тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зөвшилцөж, төслийн урьдчилсан судалгаа хийхээр “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийг 2011 он хүртэл хэрэгжүүлсэн. Харин ажлын цар хүрээ ихтэй, томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын энэхүү төслийг салбарын бодлоготой уялдуулж санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулсан бөгөөд 7-10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийх юм.

Нэгдүгээр санхүүжилтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 59,9 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээл, Дэлхийн байгаль орчны байгууллагын 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 17 сая ам.долларын хөрөнгөөр дараахь ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Босоо тэнхлэгийн дагуу 7.7 км замыг сайжруулах
  • Энхтайвны гүүрний өргөтгөлийн ажил
  • Босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусны 14 км шугамын барилгын ажил
  • Автобусны буудлууд байгуулж тохижуулах ажил
  • Босоо тэнхлэгийн дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн 14 км замын дэд бүтцийг сайжруулах ажил
  • Автобусны байршил тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх
Дараагийн шатны ажлын нарийвчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …