Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 14 аймагт Улаанбурхан өвчний сэжигтэй 2974 тохиолдол, үүнээс лабораториор батлагдсан 388 тохиолдол бүртгэгдсэн байна.
Сэжигтэй болон батлагдсан тохиолдол бүрт тандалт судалгаа, голомтын хавьтагсдын судалгааг хийж, хариу арга хэмжээ авч, аймаг, дүүрэг, нэгдсэн эмнэлэгүүдийг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа аж.
Голомтын хариу арга хэмжээний хүрээнд улаанбурханы өвчлөл бүртгэгдсэн АШУҮИС-ийн дотуур байр, ШУТИС-ийн дотуур байр, Амгалан цогцолбор сургуулийн ахлах ангийн 960 гаруй хүүхдийг улаанбурхан-гахай хавдар- улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулж, голомтонд эмчийн үзлэг хийж, зөвлөмж өгч ажилласан байна.
Дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулах тухай сайдын тушаалын төслийг Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлжээ. Мөн аймаг, дүүрэгт зохион байгуулах нэмэлт дархлаажуулалтын бэлтгэл ажлыг хангах, сургалтанд холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулах тухай албан тоотыг хүргүүлсэн хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Энэ долоо хоногт Улаанбурханы эсрэг вакциныг хуваарийн дагуу орон нутагт хүргүүлж, нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах сургалтууд эхэлсэн байна.
2015 оны тавдугаар сарын 15-25-ны хооронд улсын хэмжээнд 6 сартайгаас 5 нас 11 сар хүртэлх насны (370,000 орчим) бүх хүүхдэд улаанбурханы нэмэлт дархлаажуулалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Иймд эцэг, эхчүүд, холбогдох байгууллагууд энэхүү дархлаажуулалтын 10 хоногийн арга хэмжээнд ач холбогдол өгч, товлосон насны хүүхдүүдийг бүрэн хамруулахад анхаарахыг ХӨСҮТ-өөс уриаллаа