Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Таныг 7-хон алхамд өөрийнхөө авьяас чадвараа олж нээхийг урьж байна. Хүмүүс бид цаг үргэлж бусдын алдааг харахыг, олж мэдэхийг оролддог. Тэгвэл бид бусдыг таньж мэдэхэд зарцуулдаг зүтгэлийнхээ хэр зэрэг хэсгийг нь өөрийнхөө төлөө зарцуулдаг билээ?
Та өөрийнхөө сул талаа, дутагдлаа мэддэг үү? Бүрэг хулчгар зангаасаа болж хэдэн удаа гадуурхагдаж, хаана хаана орж чадаагүй вэ? Найз нөхдөдөө гадуурхагдаж байсан уу? Өөрөө өөрийгөө хэр мэдэх вэ ? Хувь хүнийхээ эрхийн талаар та ер нь бодож байсан уу? Та амжилттай сайн сурган хүмүүжүүлэгч, сайн сурагч эсвэл сайн эцэг эх байхын тулд өөрийнхөө сайн талыг болон муу талаа мэддэг, өөртэйгөө холбоотой бүх асуудлыг даван туулсан байх хэрэгтэй юм. Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Бид таныг авьяас чадвараа нээн олох аялалд урьж байна. Өөрийгөө таньж мэдэх тусам таны амьдрал илүү утга учиртай болж мөн таны давж чадахгүй байгаа асуудлын чинь шийдвэр нь таны мэдэх л зүйл байсан болохыг та харах болно. Өөрийгөө таньж мэдэхэд тань тус болох хэдэн арга.
1. Та өөрийгөө сонс.
Та толины өмнө зогсоод өөрийнхөө нүд рүү эгцлэн харж чадах уу? За юу харагдаж байна вэ? Хүний нүдний харц зүрх сэтгэлийнх нь толь байдаг. Өөрийн дотоод ертөнц рүүгээ хийх аялалаа харцнаасаа эхлээд аажим аажмаар нүдээ анин ухаан санааныхаа дууг чагнаж үргэлжлүүлээрэй. Тэгээд мэдэрч буй бүх дотоод мэдрэмжээ, санаа бодлоо тэмдэглэж аваарай.
2. Зорилтоо тодорхойл.
Тодорхой бай онилоогүй сумны мэргэн байх боломжгүй байдгийн адил, зорилго нь тодорхой бус хүний явах ёстой газраа хүрэх нь мөн л бэрх бөгөөд боломжгүй байдаг. Зорилгоо тодорхойл, амьдралд чинь зөв чиг болох зүйлсээ жагсаан бич. Оройтолгүй өөрийн амьдралынхаа төлөвлөгөөг зохион гарга.
3. Дуртай зүйлсээ тодорхойл.
Хүмүүс бид баярласан үедээ яагаад баярлав, гутарсан үедээ яагаад гутрав гэдгээ ихэвчлэн боддоггүй. Зөвхөн л баярласан эсвэл гутарснаа л боддог. Та дэвтэр аваад дуртай болон дургүй зүйлээ мөн яагаад дуртай яагаад дургүй вэ гэдэг шалтгааных нь хамт жагсаан бичээрэй.
4. Та өөрийнхөө тайван тухтай байдаг орчноо олж нээгээрэй.
Зарим орчин хүний сэтгэлийг тавгүйтүүлдэг байхад зарим орчин нь үүний эсрэг хүнд баяр хөөр төрүүлсэн, сэтгэл амраасан сайхан байдаг. Та өөрийнхөө сэтгэлийг амраасан, аз жаргалтай, тав тухтай байдаг орчноо мөн таны сэтгэлийг тавгүйтүүлдэг, танд тухгүй санагддаг орчноо эдгээрийн шалтгааных нь хамт жагсаан бичээрэй. Үүнийг хийх үедээ тухайн орчинд байдаг хүмүүсийг ч бас бодож хийхээ бүү мартаарай.
5. Амьдралд чинь байхгүй бол болохгүй гэсэн зүйлээ мэд.
Амьдралд минь байхгүй бол болохгүй гэж боддог зүйл нь хүний амьдралын философийнх нь тасрахгүй чухал хэсэг юм. Байхгүй л бол болохгүй гэсэн зүйлсээ бичиж зүйл бүрийнх нь хойно яагаад энэ зүйлээсээ татгалзаж чадахгүй байгаагаа тодорхойл. Татгалзаж чадахгүй байгаа зүйл чинь өөрийн чинь хувьд зөв үү буруу юу гэдгийг тогтоо мөн түүнийхээ үндэслэлийг нь олж энэ нь таны амьдралыг үзэх үзэлтэй чинь зөрөхгүй байхад анхаараарай.
6. Зүрх алддаг зүйл бүхнээ тодорхойл.
Бүрэг зан нь хүн бүрт өөр өөр хэмжээгээр мөн өөр өөр орчинд илэрдэг дотоод мэдрэмжийн нэг илрэл юм. Та өөрийнхөө “Хурал дээр байсан хүмүүс миний тухай юу гэж бодсон бол?”,”Ярьж байхдаа буруу зүйл хэлчихээгүй байгаа?” гэх мэтчилэн боддог айдас, эмээлт бүрээ шалтгааных нь хамт олж тэмдэглээрэй.
7. Өөрийнхөө эрхийг мэддэг бай.
Та өөрийн эрхийн хүрээг мэддэг байхад бусдын эрхийн хүрээг ч гэсэн мэднэ. Өөрийнхөө эрхийн болон эрх чөлөөний хязгаарыг тогтоон тодорхойлоорой.
Түлхүүр үгсэтгэлзүйн зөвлөгөө
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …