Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч Аюушийн Мөнхбаттай ярилцлаа.
-МЗХ-ны явуулж буй үйл ажиллагааг улс төрийн байгууллагаас ялгагдахгүй боллоо гэдэг шүүмжлэл их байна. Ер нь залуучуудын холбоо, улс төрийн байгууллага хоёрын ялгаа юу юм бэ?
– Улс төрийн байгууллага, залуучуудын байгууллага хоёрын ялгаа мэдээж явуулж буй үйл ажиллагаа нь улс төрийнх үү, үгүй юү гэдгээр тодорхойлогдоно. МЗХ төрийн бус байгууллагын статусаараа л явж байгаа. Манай холбоо бол ашгийн төлөө бус олон нийтийн байгууллага. Улс төрийн үйл ажиллагаа гэдэг нь намын нэр дээрээс сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх шүү дээ. Бид хэзээ ч тэгэхгүй. Тэгэхээр манайхыг улс төрийн үйл ажиллагаа явуулж байна гэж хардах, нам шиг болчих вий гэж айх хэрэггүй.
-Гэхдээ л С.Баярцогт, Ч.Сайханбилэгээс эхлээд МЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд өдгөө Монголын улс төрийн цээжинд давхиж яваа. Тэднээс өмнөх үеийнхнийг харж байхад ч гэсэн МЗХ улс төрд орох хүсэл сонирхолтой залууст гүүр, шат дамжлага нь болж өгдөг байгууллага юм биш үү?
– Угаасаа 95 жилийн турш тийм байсан юм. Монголын үе үеийн удирдагч нар энэ байгууллагаас л бэлтгэгдэж гарсан. Одоо УИХ, Засгийн газарт байгаа дийлэнх гишүүн, энд тэнд томоохон компани, аж ахуйн нэгж толгойлж буй дунд эргэм насныхан, ахмадууд манайхаар дамжин гарсан байдаг. Дээр үед манай эвлэл нэг намын боловсон хүчнийг бэлтгэдэг байсан бол одоо бид олон намд янз бүрийн үзэл бодолтой, чадварлаг, дайчин залуусыг бэлтгэж өгч байна. Яагаад гэвэл залуучуудын байгууллагад ажилласан хүмүүс цаашдаа улс төр, эсвэл бизнесийн салбар руу хүч түрэн орж, удирдан зохион байгуулдаг нь нууц биш. Гэхдээ үүгээр энэ байгууллагыг улс төржлөө, улс төрөөс хараат байна гэж дүгнэж болохгүй.
-Гэхдээ таныг МЗХ-ны ерөнхийлөгч болоод “Паркаа аваръя”, “Унадаг дугуйтай Улаанбаатар болъёо”, “Спиртийг бус спортыг сонгоё” гээд ажлаа эхлэхэд чинь одоо л манай залуучуудын байгууллага жинхэнэ утгаараа ажиллах нь гэж найдаж байсан?
-Улс төрийн намууд ч барьж авч чадахгүй байгаа томоохон цараатай ажлуудыг манайх хийж байгаа нь үнэн шүү дээ. Эдгээр ажлыг монгол залуус өөрсдөө хийх шаардлагатай гэж үзсэн учраас бид барьж авсан. Залуудаа сайхан амьдаръя гэсэн хүсэл мөрөөдөлтэй залуусын төлөө шаардлагатай бүхий л үйл ажиллагааг МЗХ цаашдаа ч зохион байгуулах болно. Сая бид шинэ дүрэмдээ “бие даасан байх” гэдэг заалтыг зориуд тусгаж өгсөн. Хэнээс ч хараат бус, бие даасан байхын тулд олон талын эх үүсвэрээс хандив татдаг, олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг, олон янзын үзэл бодолтой залуусыг дээвэр дороо нэгтгэдэг байх ёстой. Тиймээс хэн нэгнээс нь хараат байх нөхцөлийг энэ заалт хааж чадсан гэж бодож байгаа. Манайд ажиллаж байгаад, улс төр рүү орсон хүмүүс ажлаа өгөөд л явцгаасан. Бидэнтэй холилдоод, манай үйл ажиллагаа руу ороод байгаа юм байхгүй. Одоо манай дүрмээр гол албан тушаалуудад намын харьяалалгүй хүн сонгогддог болсон.
-Залуудаа хүний дайтай сайхан амьдрахыг хүсэхгүй хэн байх вэ. Гэхдээ сайхан амьдарна гэдэг нь зөвхөн улс төрд орохын, эсвэл бизнес хөөхийн нэр биш шүү дээ. Тэртээ тэргүй улс төрийн намуудын дэргэд залуучуудын, оюутны гээд янз бүрийн холбоо байхад дуртай хэсэг нь тийшээ явж болно. Харин МЗХ-ны тэднээс ялгарах гол ялгаа юу вэ?
-Улс төрийн намуудын дэргэдэх залуучуудын байгууллага ямар байгааг уншигчид өөрсдөө мэднэ дээ. Таны асуултын хардаж байгаа өнцөг ч гэсэн тэдэнтэй холбоотойгоор үүссэн болов уу. МЗХ-ны гол онцлог бол тухайн залуу хүнд ямар боломж, чадвар байгааг нээж өгдөгт оршино. Өөрөөр хэлбэл, тухайн хүн зорилгынхоо төлөө тууштай явж чадах уу, хэр боловсорсон бэ, хамт олныхоо итгэл найдварыг хүлээсэн үү гэх мэтээр тэр олон хүний дундаас өөр өөрийн хувь онцлогоороо тодрон гарах процессыг бид гүйцэтгэдэг. Энд хэн нэгний татаасаар дээшээ гарна гэсэн ойлголт байхгүй. Бүгд тохой залган тойрч сууж байгаад, асуудлаа ярилцаад, шийдлийг хамтдаа эрэлхийлдэг. Тиймээс ямар нэг албан тушаалд оччихъё гэсэн нөхдөөс илүү өөрийгөө хэн бэ гэдгийг үнэн шударгаар харуулъя гэсэн залуус МЗХ-г зорин ирдэг. Мөнгөөр биш мөнчгөрөөрөө, танилаар бус тархиараа өөрийгөө үнэлүүлэх гэсэн залуус манай дээр цугладаг. Нөгөө холбоод бол ойлгомжтой.
-Монголын залуучуудад нэн түрүүнд тулгамдаж буй таван асуудал бий гэж та хэлсэн байсан. МЗХ 2015-2016 онд ямар гол гол ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Ер нь бол 16 асуудалд бүх зүйл багцлагдаж байгаа юм. Сая бид V их хурлаараа Үндэсний залуучуудын зөвлөлийг 339 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Холбооныхоо дүрмийг шинэчиллээ. Саяхныг хүртэл төрийн бус байгууллагын жирийн л нэг жишээ бүхий дүрэм байсныг зохион байгуулалтын хувьд илүү өргөн цар хүрээтэй болгож өгсөн. Ингэснээр Монголын залуучуудын холбоог хэн ч харсан бүтэц, зорилго, үнэт зүйл, алсын хараа нь тодорхой, тэр үнэт зүйлээ хэрэгжүүлэхэд үйл ажиллагаандаа ямар зарчим баримтлах гээд энэ бүхнийг шинэ дүрэмдээ тусгасан. Байнгын ажиллагаатай Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүд ирэх 30 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн салбарын нүүр царайг тодорхойлно.
Энэ бүтэц дээрээ тулгуурлаад, залуучуудын өмнө тулгамдаж буй 16 асуудлаар үйл ажиллагаа явуулах 16 Байнгын хороо байгуулсан. Хөдөлмөр эрхлэлтийн, Боловсролын, Эрүүл мэндийн, Гэр бүлийн, Хүүхдийн, Орон сууцны, Хүнсний, Эрх чөлөөний, Соёлын гэх мэтчилэн 16 хороо байна. Хүнсийг яагаад чухалчилж, тусдаа бие даасан хороо байгуулсан бэ гэдэг учиртай. Өнөөдөр манай залуус ямар хүнс хэрэглэж буйгаа, яаж бэлтгэж хадгалахаа мэддэггүй. Өдөржин хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө хортой зүйл худалдаж аваад байвал хайран биз дээ. Тиймээс монгол хүнд хэдийд, ямар хүнс хэрэгтэй, тэр нь хаана байдаг, зөв хооллолт гэж юу юм гэдэг талаар залууст тодорхой мэдээлэл өгөхөөс гадна нийтийн хоолны газруудыг ч цэгцлэх юм.
Гэхдээ хүнсний хороо маань мэргэжлийн хяналтынхан шиг ажиллахгүй. Сайн жишиг бүхий нийтийн хоолны газруудыг тодруулж, бусдад нь үлгэр дуурайл үзүүлэх маягаар залуусын хандлагыг өөрчилнө гэсэн үг.
-Эрх чөлөөний хороо гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Манайхан эрх, эрх чөлөө гэдэг хоёр зүйлийн ялгааг сайн ойлгодоггүй. Залуучуудын ойлголт ийм бүрхэг байгаа учраас эрх чөлөө нь хэрхэн хангагдаж буйд ач холбогдол өгдөггүй. Жишээ нь, бид төрийн үйлчилгээг саадгүй авах, өмчтэй байх эрхтэй мөртлөө тэр эрх маань улам л хязгаарлагдаад байна. Хязгаарлаад байгаа тэр хүчин зүйл нь юу вэ гэдгийг тодруулж гаргах хэрэгтэй юм. Тэгж байж эрх чөлөө гэдэг зүйл хүнд ямар эрхүүдийг бий болгож өгдгийг ойлгоно. Эрх чөлөөтэй хүн л сонголт хийх боломжтой байдаг. Тиймээс Эрх чөлөөний хороо бол маш чухал. Нөгөө талаар манай байгууллагыг ардчилсан зарчмаар ажиллахад энэ хорооны гүйцэтгэх үүрэг их. Залуучуудын байгууллагад харьяалагдсанаараа манай гишүүдийн эрх чөлөө боогдож болохгүй. Та асуусан шүү дээ. 2015-2016 онд МЗХ ямар ажил хийх вэ гэвэл дээрх 16 хороон дээрээ ядаж нэг нэг асуудлыг шийдэлд хүргэе гэж зорьж байна.
-16 хороо болгон даргатай байх. МЗХ улам л олон удирдлагын шат дамжлагатай болоод, залуучуудаасаа тасарч холдлоо. Гишүүнчлэлээ хүртэл гурав ангилж, мөнгөтэй, албан тушаалтай хүмүүсээр тойрон хүрээлүүлээд, дээшээ томчууд руу ойртоод байна гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Урьд нь манай жирийн гишүүд холбооныхоо ажилд яг ямар үүрэг оролцоотой байх вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Одоо бол бүх зүйл тодорхой болсон. Жирийн гишүүн та юуны түрүүнд МЗХ-ны мэдээллийн шилэн системд бүртгүүлээд албан ёсны гишүүн бол. Хоёрдугаарт, жилийн 1000 төгрөгийн татвараа төлснөөр идэвхтэй гишүүн болж, үнэмлэхээ авна. Идэвхтэй гишүүд холбооныхоо сонгуульт ажилд оролцох, сонгох, сонгогдох эрхтэй болох юм. Энэ мэтээр гишүүдийнхээ эрх, үүргийг хооронд нь уяж өгснөөр эзэнгүй байсан зүйлс эзэнтэй болсон. Манай мэдээллийн шилэн системийн нэг онцлог нь жирийн гишүүн ерөнхийлөгчтэйгөө шууд харилцаж болохоор зохион байгуулсан байгаа.
Хоёрдугаарт, залуучуудад тулгамдаж буй 16 асуудлыг хариуцсан Байнгын хорооны дарга нар бий болсноор тухайн асуудлынхаа шийдлийг УИХ, Засгийн газар, яам, агентлагийн түвшинд хүргэх гүүр юм. Хуучин бол Эрүүл мэндийн яаманд нэг залуу асуудлаа яриад ороход тэр бол зөвхөн ганц хүний л асуудал байсан. Харин одоо “Монголын залуучуудад тулгамдаж буй асуудал энэ”гээд Эрүүл мэндийн хороо өмнөөс нь хөөцөлдөөд явбал арай өөрөөр хандана аа даа. Тэгээд ч тухайн хорооны дарга доодох залуусынхаа асуудлыг хэр хурдан шийдүүлж өгсөн бэ гэдгээрээ тэдний итгэлийг хүлээх болохоос удирдлагын суудалд сууснаараа хүмүүсийн дэмжлэг авахгүй. Байнгын хорооны дарга гэдэг нь ямар ч цалингүй, орон тооны бус сонгуульт ажил.
Гэхдээ ажлаа сайн хийвэл тэд тухайн салбартаа танигдана. Урьд нь холбооны ерөнхийлөгч өөрөө бүх асуудалд гүйдэг байсан. Нөгөөтэйгүүр одоо байгаа инженерчлэлээр манай төрийн албан хаагчид салбарын асуудлынхаа гүнд хүрч ажиллаж чаддаггүй шүү дээ. Тиймээс энэ бүтэц бол тулгамдсан асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа залуусыг шийдвэр гаргагч түвшний төрийн албан хаагчидтай холбож өгөхөөрөө ач холбогдолтой.
-V их хурлаас гарсан тогтоолуудын дундаас Орон сууцны дэмжлэгийн сан байгуулах тухай асуудал залуусын анхаарлыг хамгийн их татаж байгаа?
-Тус бүр хоёр их наяд төгрөгийн санхүүжилт бүхий Орон сууцны дэмжлэгийн сан, Инновацийн сан байгуулах тогтоол сая гарсан. Аль аль нь чухал. Өнөөдөр манай нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалаад маш олон залуу хүний мөрөөдөл их жижгэрсэн. Ямар ч залуу хүнтэй уулзаад, мөрөөдлийг нь асуухад “Нэг өрөө ч хамаагүй, байртай л болмоор байна” гэдэг. Залуу хүний мөрөөдөл нь орон сууцтай болох төдийхнөөр хязгаарлагдаж болохгүй. Үүнийг шийдэх олон арга бий. Төрөөс хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж, орон сууцтай болох нийгмийн давхарга одоо үндсэндээ дуусчихсан. Тиймээс бид хоёр заалттай тогтоол гаргалаа.
Нэгдүгээрт, урьдчилгаа мөнгийг нь 30 биш 10 хувь болгоё гэсэн. Ерөнхий сайд, Барилга, хот байгуулалтын сайд хоёр энэ асуудлыг шуурхай хэлэлцээд, зарчмын шийдлээ гаргасан. Удахгүй журам нь гарах байх. Хоёрдугаарт, урьдчилгаа 10 хувиа төлж чадахгүй шинэ гэр бүлд Орон сууцны зээлийн сангаас нэг удаа барьцаагүй зээл олгоод, тэр мөнгийг нь төлж өгье гэдэг шийдэл байгаа. Хоёр их наяд төгрөгөөр 200 мянган өрх буюу 400 мянган залууг орон сууцтай болгох Орон сууцны зээлийн санг яаралтай байгуулснаар царцчихаад байгаа барилгын салбарыг сэргээх боломжтой. Инновацийн сан ч мөн ялгаагүй, өнөөдөр олон монгол залуу янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж зүтгэж байна.
Зөвхөн Монголоос гардаг бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох тийм үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, бид малынхаа баасыг зөв боловсруулаад, гадагш гаргах өөрийн өртөг нь 10 төгрөг байх бол гадаадад түүнийгээ 100 төгрөгөөр арилждаг болоход Инновацийн сан чухал. Зөвхөн уул уурхайд найдаад нэмэргүй, эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй гэдгийг бидэнд сүүлийн жилүүдийн нөхцөл байдал хангалттай харууллаа.
-Орон сууцны урьдчилгаа 30 хувиа төлөөд, үлдсэн 70 хувийг нь банкнаас зээлэхэд сард төлөх мөнгө нь боломжийн байдаг. Урьдчилгаа мөнгийг бууруулснаар төлөх зээлийн хэмжээ нэмэгдэж, тухайн гэр бүлд дарамт болох талтай гэдэг юм билээ. Үүнийг судалсан уу?
-Хугацаа бол хангалттай юм билээ. Урьдчилгаа 30 хувиа төлөөд, найман хувийн хүүтэй зээл авсан иргэдийн дунд судалгаа хийхэд хамгийн урт хугацаанд төлөгдсөн зээл нь 7.8 жил байсан. Тиймээс наад зах нь 15 жилийн хугацаатай, найман хувийн хүүтэй зээлээр үлдэгдэл 90 хувиа төлнө гэж тооцоход сарын мөнгөн дээр нь 30 гаруй мянган төгрөг нэмэгдэж байсан. Тэгэхээр энэ бол дарамт болохгүй. Харин ч байрны түрээсэнд төлдөг мөнгөө өөрийнхөө орон сууцанд зарцуулбал сэтгэл өег биз дээ. Ингээд нэг хэсэг залууг ч болов орон сууц гэдэг мөрөөдлөөс салгаж, амьдралыг илүү том цонхоор хардаг, илүү том зүйл хүсэж зорьдог болгомоор байна. Алийн болгон мөрөөдөл рүүгээ хутга шаалгах вэ. Бидний үеийнхэн мөрөөдлөөрөө мөлхсөөр байгаад дуусаж буй хүмүүс л дээ. Үүний хор уршгийг өөрсдийн биеэр туулж гарчихаад, дараагийн үеийнхнээ хүртэл “Бидний зовлонгоор та нар ч бас зов” гэх зүрх зориг байхгүй. Тэгээд л бид асуудлыг шийдье гэлээ.
-Монголын улс төрд сонгож болох, болохгүй хүмүүсийн тухай хар, цагаан жагсаалтыг танайх гаргана гэсэн. “Сант марал” гэхчилэн улс төрийн намуудын тухай судалгаа хийдэг янз бүрийн байгууллага байсаар байтал заавал МЗХ үүнд оролцох хэрэг байсан юм уу?
-Бид бол УИХ-д орсон худалч, хулгайч нөхдөд бүх итгэл найдвараа хүлээлгээд, сонголтоо хийсэн залуус. Эргээд бид тэднээс юу ч авч чадахгүй байна. Тэр нөхөд бидний асуудлыг шийдэж өгөхгүй байна. Тийм дампуурсан хүмүүст хариуцлага тооцохгүй гээд хүлцэнгүй царайлаад суугаад байх юм уу. Монголын залуучууд тэдэнд хариуцлага тооцох системийг нь бий болгоод өгөхөөр“Чи яахаараа хариуцлага тооцдог тэнэг вэ” гэж хэн хэлээд байгаа юм бэ. Олон зуун мянган залуу хүний итгэлийг хөсөрдүүлснийх нь төлөө хариуцлага тооцъё гэхээр яагаад биднийг улс төр хийлээ гээд байгаа юм. Монголын сонгогчид өнгөрсөн бүх сонгуулийн турш сохроор саналаа өгсөн.
-Тэр ч харин үнэн байх шүү.
-Уг нь монголчууд тийм харалган, сохор хүмүүс биш шүү дээ. Наадамд уралдуулдаг морь, бөхөө бүх шинжээр нь шинжиж чаддаг хэрнээ төр барих хүмүүсээ болохоор таньдаггүй. Танихгүй учраас чихэндээ найдаад, сохроор сонгуульд оролцдог. Нөгөөдүүл нь ч түүнийг нь мэддэг болохоор хулхин дээр нь цэцэг ургуулдаг. Тиймээс бид тэр хүмүүсийнх нь үйлдэл, шийдвэр, алдаа дутагдлыг сонгогчдод хэлж өгч, төрөө бариулах хүнээ нүдээрээ хараад, бодитойгоор шийдвэрээ гаргахад нь туслах гэсэн юм. Харин үүнийг хамгийн их эсэргүүцэж байгаа хүмүүс нь мэдээж улстөрчид өөрсдөө. Бас тэдний ”гар”, “хөл” бологсод. Гэхдээ тэдний шүлсээ үсчүүлэхээс бид айхгүй.
-Хар, цагаан жагсаалтыг юунд үндэслэж, яаж гаргах юм бэ?
-Хар, цагаан жагсаалтыг яаж гаргахаа бид хэлэлцэж, бэлдэж байна. Удахгүй жагсаалтаа ард түмэнд танилцуулна. Үүнээс маш олон хүн айж эмээхийн зэрэгцээ янз бүрийн ашиг сонирхол оруулж ирэх гэж хичээж байна. Гэхдээ бид үнэн гэдэг ганц зүйл дээр л үндэслэнэ. Өөрөөр хэлбэл, одоо хар жагсаалтад орох хүмүүс аль хэдийнэ хийдгээ хийчихсэн, түүнийх нь “үр шимээр” бид өнөөдөр иймэрхүү байдалтай амьдарч байна. Тэрийг нь л олон нийтэд дэлгэн үзүүлнэ. Түүнээс биш “Энэ хүн ийм зүйл хийх гээд байна” гэсэн хардлагад үндэслэхгүй.
-Юу үнэн бэ гэдэг чинь одоо цагт бүрхэг болчихоод байгаа юм биш үү. Мөнгөтэй хүмүүс ээлж дарааллан төлбөртэй нэвтрүүлэг хийгээд, ард түмний тархийг “угаачих” юм.
-Юуг үнэн гэх вэ гэдгийг тодруулахын тулд уг үндэснээсээ эхэлж хайх хэрэгтэй. Үндэс бол хэзээд үнэн. Тиймээс ард түмнийг үндсээ эргэн сана л гэж хэлмээр байна. Үнэн бол угаасаа ганц шүү дээ. Гэтэл өнөөдөр манай улстөрчид үнэнийг худал, худлыг үнэн болгож харуулаад, “Ингээд яваад байж болдог юм байна” гээд түүндээ өөрсдөө итгэчихсэн байна. V их хуралд тавьсан илтгэлдээ би энэ тухай бүгдийг оруулж, гарах арга замыг нь ч тодорхой хэлж өгсөн. Язгуурын хөх Монгол, босоо хөх Монгол гэдэг уг үндэс рүүгээ эргэж хараад, зөв боловсрол, гэгээрлийг тэндээс олох хэрэгтэй. Хар, цагаан жагсаалт бол сонгогчдын боловсролд чиглэсэн сонгуулийн маш том хувьсгал. Бид чинь төрт ёсны хамгийн эртний түүхтэй улс. Монголчууд хаанаа зөв хүмүүжүүлэн гаргаж ирдэг байсан. “Алмас хаан суух шахсан” гэж Чингис хааны бошгод бий. Бид төр барих, засаглах нууцаа хүнээс гуйж яваагүй юм. Монголчууд айлын засаглалтай байсан тэр түүх одоо ч хөдөөгийн малчин айлд хадгалагдан үлдсэн. Тиймээс МЗХ хөх толботой монгол залуусыг үүнийгээ таньж мэдээсэй гэсэндээ агуулгаар нь сэргээн илтгэлдээ оруулсан.
-Таныг харин гэнэт л Язгуурын хөх Монгол, тэнгэрийн бошго энэ тэр гээд эхлэнгүүт З.Бат-Отгон, С.Жавхлан нарын араас орчихоо юу гэж гайхсан шүү.
-Үнэнийг олохын тулд үндэс рүүгээ буцаж очсон гээд ойлгочих.
-Танай хар жагсаалтад орсон хүнийг нам нь жагсаалтаар УИХ-д суулгавал яах вэ?
-Яах вэ дээ. Тухайн нам тийм хүмүүсээ жагсаалтаар оруулаад, сонгуульд ялагдвал тэр л биз. Тэдний өмнөөс та нар санаа зовоод яах вэ. Хамгийн гол нь сонгогчид өөрсдөө хариуцлагатай байж, бидний гаргасан хар, цагаан жагсаалтыг шүүлт болгон ашиглаад, баримжаатай санал өгөөсэй. Тэгвэл сохроор сонголт хийчихээд, дараа нь нөгөөдүүлээ зүхээд, гиюүрээд суухгүй шүү дээ. Эцсийн эцэст сонгогчийн итгэл найдварыг бүрэн хүлээсэн, түүнийхээ төлөө хөлсөө урсгах сэтгэлтэй хүмүүс л бидэнд хэрэгтэй. Ер нь бол Монголын улс төрийн гуравдугаар үеийг оруулж ирэх цаг нь болсон. Гэхдээ тэр ажлыг төрийн эрх барьж буй хоёр нам хэзээ ч хийхгүй. Бусад жижиг нам ч хийж чадахгүй. Учир нь тэдэнд концепц байхгүй. Тиймээс олон нийтийг хамарсан манайх шиг байгууллага энэ ажил руу хөндлөнгөөс орохоос өөр арга алга.
Нийгмийг эрүүлжүүлэх, улс төрийн тогтолцооны гажуудлыг засах, эдийн засгийн урсгалыг эрчимжүүлэх чиглэлээр МЗХ ажиллах болно. Мөн зах зээлийн эдийн засагт бүрэн шилжиж амжаагүй байгаа хоёр салбарын асуудлыг нэг тийш болгохын тулд залуучуудын боловсролын, эрүүл мэндийн корпорац гэж байгуулахаар тогтоол гаргасан. Дээрээс нь Үндэсний залуучуудын зөвлөлийн анхны хуралдаанаар “Соёлын довтолгоон – 2”-ыг Соёлын байнгын хороонд даалган хэрэгжүүлэх тогтоол гарсан. Социализмын үед хийсэн соёлын хувьсгалыг дахиад эхлүүлэх цаг болчихож. Гудамжинд хогоо хаядаггүй, нусаа нийдэггүй, ил задгай бие засдаггүй, хотын соёлтой залуу хүнийг төлөвшүүлэх гээд байгаа юм. Энэ мэтээр залуус өөрсдөө асуудлаа шийдэхийн тулд гар бие оролцохоор идэвхийлж байна.
-Ардчилсан нам таны УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжийг хоёр ч удаа хаасан гэсэн. МЗХ-ны ерөнхийлөгч гэдэг энэ суудал дээрээс та эргээд тэднээс хариу авах гээд байгаа юм биш биз?
-Том зорилготой хүнд хэн нэгнээс өшөө авах тухай боддоггүй юм. Надад хүн төрөлхтнийг аврах том зорилго байна.
-Яаж?
-Юу яаж гэж. Хүн төрөлхтнийг яаж аврах вэ гэдэг бүх гаргалгаа манай нүүдэлчдийн ухаан, нүүдлийн соёл иргэншилд бий. Манай хаад аль хэдийнэ үүнийг боловсруулаад, туршаад үзчихсэн. Манай өвөг дээдсийн эзэлсэн бүх газар оронд худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл, соёл урлаг, шинжлэх ухаан, шашин, хууль цааз гээд бүх зүйл цэцэглэн хөгжсөн байдаг. Тийм нарийн концепц, онолтой ард түмэн байж бид өнөөдөр дэндүү унхиагүй байна. Мухардалд ороод байгаа ардчилал, явцгүй болсон шинжлэх ухаан, 20 жилийн дараа хүн төрөлхтнийг нөмөрч мэдэх цэвэр усны төлөөх дайн гээд энэ бүхнээс дэлхий нийтийг аврах, зөв зохион байгуулж, хөгжил дэвшлийн шинэ гарц нээж өгөх арга ухаан монголчуудад л бий. Тиймээс би улс төрд карьер хөөхийн оронд бүс нутаг болоод дэлхий дахинд энэ үзэл санаа, концепцийг гаргахад анхаарч байна.
Тун удахгүй манайд болох Азийн залуучуудын чуулган дээр ч би үүнийгээ л ярина. НҮБ хүртэл одоо мухардалд орчихлоо. Анх байгуулагдсан зорилго, өнөөдрийн явуулж буй үйл ажиллагаа хоёрын хооронд асар том зөрүү бий. Өнөөгийн Украинд үүссэн нөхцөл байдал шиг зүйл дахиад 1-2 удаа давтагдахад л НҮБ зохицуулж чадахгүй болно. Энэ тохиолдолд бид яаж тэсэж үлдэх вэ. Монголчуудын үе үеийн концепц бол угтаж мэдэх, тосож бэлдэх, тэсэж үлдэх гэдэг гурван зүйлд багтдаг. Яагаад ийм цөөхөн монголчууд өнөөдрийг хүртэл дэлхий дээр оршин тогтноод байгаа вэ гэдэг тэр ухааныг л хүн төрөлхтний хүртээл болгох гээд байна.
-Тэгэхээр улс төр танд сонин биш гэсэн үг үү?
-Үнэндээ л сонин биш.
-Нээрээ юү?
-Тийм ээ. Улс төр одоо надад нэг л агуулгаар сонин. Энэ яриад байгаа зорилгоо ажил хэрэг болгохын тулд надад мэдлэг, чадвартай, том мөрөөдөлтэй маш олон монгол залуу хэрэгтэй. Дэлхийн дайдад элч болоод ажиллачих, хэнтэй нь ч, ямар ч хэлээр нь ярилцаад, өөрсдийнхөө үзэл санааг ойлгуулчих хөх толботой залуус хэрэгтэй. Гэтэл тийм залуусыг маань байр ердөө л нэг мөрөөдүүлээд суулгаад байгаа энэ төр, засаг үнэхээр инээдтэй санагддаг. Тиймээс 2016 он гэхэд энэ төр, засгийн өндөрлөгт байгаа болохгүй, бүтэхгүй нөхдийг “янзлах” хэрэгтэй байна. Том зорилгодоо хүрэхийн тулд шүү дээ. 2020 он гэхэд л цэвэр усны төлөөх дайны эхний давалгаа эхэлнэ.
-Гэхдээ улс төр танд сонин байсан үе бий л биз дээ?
-Байсан. Тэр үед миний зорилго жижиг л байсан байхгүй юу (инээв). Жижиг зорилготой хүн жижиг зүйлтэй зууралдаж, хэн нэгний тухай л ярина. Надад тэр хүмүүсээс өшөө авах ямар ч шаардлага алга. Жижиг хүмүүсийнхээ зовлонгоор зовж яваа тэдэнтэй зууралдаж хайран сайхан цагаа үрэхгүй шүү.
-Тэгэхээр та улс төр рүү дахиад хэзээ ч орохгүй гэсэн үг үү. “МЗХ-г Мөнхбат улс төрийн байгууллага болголоо” гэж яриад байгаа хүмүүст “Санаа зоволтгүй ээ, би тийм хүн биш” гэж хэлж чадах нь ээ?
-Миний зорилгын дэргэд Монголын улс төр үнэндээ жижиг санагдаж байна. 2016 онд би УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн. Хүн ер нь том байх хэрэгтэй шүү дээ. Намаар далимдуулж, албан тушаалд оччихоод, төсвийн хэдэн төгрөгөөс идэж уудаг, тендерийн мөнгөнөөс хумсалдаг шигээ бүх хүнийг тэгж бодох хэрэггүй гэж хэлмээр байна. Адаглаад үр хүүхэд чинь та нараас ичнэ шүү. Хэлсэн үг, үйлдэл бүхнээ цэнэхгүй бол үйлийн үрээс зугтах аргагүй шүү. Нөгөөтэйгүүр, улс төрд орно гэхээр манайхан УИХ-ын гишүүн болохыг л ойлгоод байх юм. Би аль 1996 онд улс төрд орсон. Намын гишүүнээ л больсон болохоос одоо хүртэл улс төрөөс гараагүй. Тэр нь дээр хэлсэнчлэн ганц шалтгаантай. Том зорилго, зөв хүсэл тэмүүлэлтэй нэгэн үеийн хөх толбот монгол залуусыг бүхий л салбарт хүч түрэн гаргаж ирэх. Бидний үеийнхэн бол социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжих гэж будилж, алдаж, оносон 25 жилийн бүхий л сайн, мууг биеэрээ туулж, мэдэрч, тэр дунд бойжсон залуус. Тиймээс ядаж өмнөх үеийнхнийхээ алдааг дахиж давтахгүй.
-Та өөрийгөө хувийн амьдралгүй хүн гэж байсан. Гэр бүлтэй болохгүй, хайрлаж дурлахгүй, зөвхөн ажил гээд байхаар уйтгартай биш үү?
-Ажилдаа дурлаад, зорилгынхоо төлөө явж байхад уйдах зав гардаггүй юм. Бас гомдох гэдэг ойлголт байхгүй болчихдог юм байна. Ийм л хоёр зовлонтой болчихсон (инээв). Хувийн амьдралдаа гаргах зав үнэхээр алга.
-Залуу хүн байж дурлаж хайрлахад зав гаргаж чаддаггүй таныг нэг талаар арчаагүй залуу гэвэл болох уу?
-Арчаагүй гэх нь хаашаа ч юм. Хал үзэж, хашиг суусан гэх юм уу даа. Нэг бүсгүйг гэргийгээ болголоо гэхэд гэр бүлдээ цаг гаргах ёстой байтал надад одоогоор тийм боломж алга.
-Та хэтэрхий айхтар төлөвлөгөөтэй үзээд байгаа юм биш үү?
-Төлөвлөхгүй бол энэ бүх ажлыг яаж амжуулах юм бэ. Нэг аятайхан бүсгүй хараад Үнэхээр сайхан бүсгүй юм аа” гээд өнгөрөхөөс өөр арга алга. Би амин хувиа бодвол тэр сайхан бүсгүйд дурлаж, хайрлаад явж болно л доо. Эсвэл бүр Сайханбилэгтэйгээ ярьж байгаад нэг албан тушаалд очиж, хувийн машин аваад, нөгөө бүсгүйтэйгээ амар жимэр амьдарч болох. Гэхдээ тэгж болохгүй байна шүү дээ.
-Тэгээд өөрийнхөө амьдралыг золиослон байж нөгөө л зорилгынхоо төлөө явж байна гэж үү?
-Тийм. Юм бүхэн хугацаатай. Бас түүх заавал давтагддаг. Тиймээс энэ цаг хугацааны эргүүлгэнд амьдарч байгаа надад том зорилго, үйл хэргийнхээ төлөө зүтгэхэд нэг минут ч үнэ цэнэтэй байна.
-Та үүнийгээ тэгээд зөв амьдрал гэж бодож байна уу. Залуу хүнд хайр дурлал ч бас үнэ цэнэтэй биз дээ?
-Би хайрлаж, дурлаж үзсэн хүн. Хайртай эхнэртэй байлаа. Хөөрхөн хүүхдүүд маань байна. Одоо дахиад хайрлаж дурлахгүй байсан ч харамсах зүйлгүй.
-Хүүхдүүд тань гадаадад байдаг гэл үү. Та тэдэнтэйгээ уулздаг уу?
-Хүүхдүүд минь Америкт ээжтэйгээ амьдардаг. Жилдээ нэг удаа очиж уулздаг.
-Айхтар их санасан байдаг байх даа?
-Мэдээж. Хүү арай гайгүй. Багаасаа ээжтэйгээ ийш тийшээ их явсан болохоор надаас хол байгаад сурчихсан. Охин багадаа надтай хамт амьдарч байсан болохоор илүү дотно. Долоо хоног эрхлэлдээд л сална даа.
-Охин хүүхэд аавдаа илүү сайн байдаг гэдэг. Та хоёр салахдаа уйлах уу?
-Онгоцны буудал дээрээс хоёулаа өмөлзөөд л сална. Би онгоцонд ороод уйлна. Охин ч уйлаад л буцдаг. Хожим энэ яриаг охин минь үзвэл эмзэглэх л байх. Гэхдээ үнэн зүйлийг би нуух аргагүй.
-Хэцүү л байдаг байх даа?
-Хэцүүгүй зүйл гэж орчлонд байхгүй шүү дээ. Хувь тавилан л тийм юм чинь хэцүү байлаа гээд яах вэ. Хүүхдүүд маань дороо бас дүү нартай болсон. Ээж нь өөр хүнтэй гэрлэсэн юм.
-Та нэлээд хатуу чанга хүн юм шиг ээ?
-Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн л хүн.
-Азийн залуучуудын зөвлөлийн ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн гэл үү?
-Азийн залуучуудын зөвлөлийн ерөнхийлөгчид Монгол, Малайз хоёр өрсөлдөж байгаа. Хувь хүн гэхээсээ илүү улсаараа ярина шүү дээ. Яг сонгууль болоход янз бүрийн зүйл гардаг л даа. Жишээ нь, Азийн орнуудын хувьд шашнаараа бүлэг болдог үзэгдэл их. Гэхдээ бидэнд нэг л итгэл үнэмшил бий. XXI зууныг Азийн зуун байлгах, тэр дундаа төрт ёсны эртний уламжлалтай, нүүдлийн соёл иргэншлээрээ дамжуулан улс орнуудад тулгамдаж буй асуудлыг хэрхэн зохицуулах тухай авч үзэх юм. НҮБ гэхэд л сая Тогтвортой хөгжлийн 17 зорилт гэж гаргасан атлаа тэр дунд хамгийн чухал элемент болох улсуудын төр засаг гэдэг ойлголтыг оруулаагүй байсан. Энэ цэнхэр нүдэн гаригаа хайрлахын тулд бүх улс орон нийтээрээ дагаж мөрддөг Эх дэлхийн хуультай болох ёстой. Гэтэл энэ санаа Тогтвортой хөгжлийн 17 зорилтод мөн л ороогүй. Энэ санаа Монголоос л гарна шүү дээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин