Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, С.Бямбацогт нар нэр бүхий 26 гишүүний санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.
Хууль санаачлагчид 2011 онд батлагдсан Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын сонгуулийг мажоритар тогтолцоогоор 48, пропорционал тогтолцоогоор 28 суудал бүхий сонгуулийн хосолсон тогтолцоотойгоор зохион байгуулж явуулахаар заасан байдгийг дурдаад, Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намууд, Улсын Их Хурлын гишүүд сонгуулийн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байгаа ч сонгуулийн тогтолцоонд зарчмын өөр өөр байр суурь илэрхийлж байгааг дуулгасан юм. Иймд ард нийтээсээ асуусны үндсэн дээр тогтвортой, удаан хугацаанд мөрдөгдөх сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна. Ард түмнээсээ асуух нь ардчиллын дээд хэлбэр бөгөөд ард түмний шийдвэр хамгийн зөв шийдвэр байдаг гэлээ.
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 11.1-т “Улсын Их Хурлын гишүүний гуравны нэгээс доошгүй нь хамтарч санал асуулга явуулахыг санаачлах эрхтэй” гэж, 12.2-т “Санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хоёр хариултын хувилбарыг Улсын Их Хурал хэлэлцэж батална” гэж тус тус заасныг үндэслэн “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар сонгуулийн тогтолцоо тогтвортой болох, улс төрийн нам, төрийн байгууллагад итгэх олон түмний итгэл нэмэгдэх, ард нийтийн санал асуулгаар аливаа асуудлыг шийдвэрлэдэг улс төрийн шинэ соёл бүрдэх, хэт намчирхал, улс төржилт багасах, Улсын Их Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль тойрсон маргааныг бус улс орны эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд илүү цаг зарцуулах зэрэг нийгэм, эдийн засгийн олон эерэг үр дагавар гарна хэмээн үзжээ.