Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас “Гаалийн улсын байцаагчаас явуулж буй захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд 2015 оны эхний 3-н сарын байдлаар шалгалт хийж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 123 материалыг хянаж танилцжээ.
Шалгалтаар шийтгэврийн хуудас бичээгүй байхдаа буюу торгох шийтгэл ногдуулахаас өмнө иргэн аж ахуйн нэгж байгууллагаас торгуулийн мөнгийг гаргуулан дансанд тушаалгасан, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй байхдаа 1-2 хоногийн өмнө шийтгэврийн хуудсаар торгосон, шийтгэврийн хуудсанд бичигдэх зүйлүүдийг бүрэн бичээгүй, гаалийн зөрчлийн тухай тэмдэглэл болон зөрчлийн тэмдэглэлийн хавсралтанд барааны нэр төрөл, тоог буруу бичсэн, гаалийн улсын байцаагч нар нь тодорхой эд хөрөнгийг хураан авсан байх боловч нягтлан бодогчид хүлээлгэн өгсөн он, сар, өдөр болон хүлээн авсан нягтлан бодогчийн гарын үсгийг зуруулаагүй зэрэг нийт 5-н төрлийн 45 зөрчлийг илрүүлжээ.
Шалгалтын дүнгийн талаар Гаалийн зөрчил, эрсдэлийн удирдлагын албаны дарга болон гаалийн нийт 32 улсын байцаагч, прокуроруудыг оролцуулан хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж хэлэлцүүлсэн ба гаргасан алдаа зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар заалт, чиглэл өгч, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.
Мөн шалгалтын талаар орон нутгийн “Халиун” кабелийн телевизид татвар төлөхөөс зайлсхийх, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчлийн талаар ярилцлага хийж дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг иргэдэд өгсөн байна.