Японы автомашины тэргүүлэх үйлдвэрлэгчид болох Toyota болон Nissan компаниуд нь Takata пүүсийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэрний инфляторын гэмтлийг засахаар дэлхийн зах зээлд нийлүүлсэн 6.5 сая автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Toyota компани нь 2003 оны гуравдугаар сараас 2007 оны 11 дүгээр сарын хооронд үйлдвэрлэсэн Corolla, Vitz болон бусад хэд хэдэн төрлийн нийт 5 саяас илүүгүй тооны машиныг эргүүлэн татах аж. Харин Nissan компани мөн дээрх төрлийн гэмтлийн улмаас 1.56 сая ширхэг автомашин эргүүлэн татах юм. Ийнхүү олон тооны автомашин эргүүлэн татаж байгаа нь гэмтэл согогийг нарийвчлан судлах зорилготой бөгөөд одоогоор ямар нэгэн осол аваар гарсан тухай мэдээлэл ирээгүй байгаа ажээ.
Дэлхийн хамгийн хүчирхэг, автомашин үйлдвэрлэгч Toyota нь нийт 35 төрлийн загварын машинаа татах бөгөөд үүнээс 1.36 сая нь Япон улсад байгаа юм. Харин Японы автомашины эд анги үйлдвэрлэдэг Takata компанийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэрний гэмтлээс болж дор хаяж зургаан хүн нас барсан байна. Дээрх ослууд нь бүгд Honda пүүсийн автомашинд гарчээ
Б.Болормаа
эх сурвалж: undesten.mn