Увс аймгийн прокурорын газраас Улсын бүртгэлийн эрх бүрх бүхий албан тушаалтны явуулсан захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.
Шалгалтаар Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн улсын байцаагчийн Захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийтгэврээр арга хэмжээ авсан 6 материал болон Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн гэх зөрчлөөр 210 хүн арга хэмжээ авсан торгуулийн хуудсыг тус тус татаж хянажээ.
Энэ үеэр бүртгэлийн улсын байцаагч захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа зөрчлийн тэмдэглэлд зөрчил гарсан газар, он, сар, өдөр, цаг, зөрчил гаргасан этгээдийн овог, нэр, хаяг, эрхэлсэн ажлыг тодорхой дурьддаггүй, зөрчлийг шалгаж, шийдвэрлээгүй байхдаа иргэнээр торгуулийн мөнгийг дансанд хийлгэж шийтгэврийг нөхөж бичдэг, захиргааны шийтгэлд давж заалдах, гомдол гаргах эрхийн танилцуулдаггүй, зөрчлийг хянан шалгаж болохгүй нөхцөл байдал бий эсэхийг шалгаж тогтоохгүйгээр захиргааны шийтгэл оногдуулдаг зэрэг давхардсан тоогоор 21 зөрчил илэрсэн бөгөөд энэ нь Захиргааны хариулагын тухай хуулийн 9, 11, 12, 17, 18 дугаар зүйлүүдэд заасныг ноцтой зөрчсөн байна.
Аймгийн прокурорын газраас шалгалтаар илэрсэн зөрчлийг давтан гаргуулахгүй байх, зөрчил гаргасан буюу хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажилладаггүй албан тушаалтанд хариуцлага тооцуулах, удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулахаар прокурорын шаардлага бичиж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ.
Мөн тус прокурорын газраас 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, түүнд анхаарах асуудал” сэдвээр Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулсан байна.