Монгол Ардын нам Үндэсний их баяр наадмаас өмнө намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулахаар ярьж байгаа ажээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшадарын мэдэгдсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээсэн асуудлыг дүгнэж, амжилтгүй оролцоход нөлөөлсөн хүчин зүйлийг судлана. Үүнд буруутай намын албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн.
Түүнчлэн наадмаас өмнө УЗ-өө хуралдуулж, наадмын дараа Бага хурлаараа намынхаа Их хурлын товыг зарлах гэнэ. Их хурлаа хуралдуулж 2012 оны УИХ, Нийслэл, Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн асуудлын гол буруутнуудад хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Намынхаа их хурлаар намын шинэчлэлт, авлигын асуудлыг хөндөж ярилцах ба урьд нь намаа толгойлж байсан ёс зүйн алдаа гаргаж байсан хүмүүсийн асуудлыг ярилцаж, асуудал гаргасан хүмүүс нь шалгуулж, МАН-д нялцаах гэсэн асуудлыг зогсооно хэмээн мэдэгдээд байна. Энэхүү хатуухан мэдэгдлийг МАН-ын даргатайгаа зөвшилцөж гаргасан гэдгээ ЕНБД тайлбарласан.
Олон удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн ууган хүчин МАН-д шинэчлэлийн тухай яриа, шүүмжлэл ихээхэн өндөрөө авч эхэлсэн байна. Намын удирдлагууд ийн мэдэгдсэн бол намын залуучуудын зүгээс “Шинэчлэл” хөдөлгөөнийг байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Т.Аюурсайхан, МАН-ын Нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, НАМОХ-ны Ерөнхийлөгч Б.Амарсанаа, Бага хурлын гишүүн Б.Ганхуяг, Н.Батсүмбэрэл, Т.Сайнжаргал, Ж.Мөнхбат нарын гишүүд нэгдэж намынхаа Удирдах зөвлөлийг огцруулах асуудлыг тавиад байгаа юм. МАН-д наадмын дараа Бага хурал, Их хурал гээд томоохон чухал үйл явдалууд өрнөх бололтой байна.
Т.Түвшин
Ugluu.mn