Индонезийн орчимд живсэн усан онгоцноос аврагдсан дүрвэгсдийн мэдэгдсэнээр, үлдэгдэл хоол хүнсээ булаацалдсан үймээний улмаас 100 гаруй хүн нас барсан байна. Нөхцөл байдал маш муу байсан талаар амьд үлдэгсэд ярьжээ. Хүмүүсийг хутгалж, боомилж, завинаас шидэх зэргээр маш зэрлэгээр хөнөөж байсан талаар гурван ч эрэгтэй хүн эх сурвалжуудад ярьсан аж. Мьянмар болон Бангладешийн аврагдсан 700 орчим хууль бус цагаачийг Индонезийн эрх баригчид хяналтандаа авсан байна. Харин газардах зөвшөөрөлгүй олон мянган дүрвэгч Зүүн Өмнөд Азийн усанд байсаар байгаа юм. ВВС телевизийн сурвалжлагч Мартин Пэйшнсийн мэдэгдсэнээр, Индонезийн Лангса боомтод амьд үлдэгсдийн зарим нь Асих арал дээр байгаа аж. Гэсэн ч тэдний зөвшөөрөл батлагдаагүй байгааг сурвалжлагч анхааруулсан юм.
Хууль бус цагаачид Малайзад газардахыг хүссэн боловч тэднийг Малайзын усан цэргийнхэн дагуулан явсан байна. Дээрх дүрвэгсдийн завь нь далайд хоёр сар гаруй хугацаанд байсан бөгөөд Баасан гаригт Индонезийн загасчид тэднийг олох үед хөлгийн гишүүд хэдийнэ орхин явсан байжээ.
Дүрвэгсдийг одоогоор Лангсагийн эрэг дэх агуулахуудад байрлуулсан аж. Дүрвэгсдийн ихэнх нь хоол хүнс болон цэвэр усны хомсдолд ороод байгаа юм. Харин Мьянмар улсын засгийн газар тэдгээр дүрвэгсдийн төлөө ямар нэг хариуцлага хүлээхгүй гэдгээ илэрхийлээд, дээрх асуудлаар зохион байгуулагдах зөвлөгөөнд оролцохгүй хэмээн мэдэгджээ.
Б.Болормаа
эх сурвалж: undesten.mn