Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.19/ хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийнхэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжлээ.

DSC_4099Үүний дараагийн асуудал нь Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан. УИХ 2013 оны долдугаар сард Цагдаагийн албаны тухай хуулийг баталсан ч цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулах боломжгүй болсон тул алба хаагчийн эрх зүйн байдал, баталгаатай холбоотойасуудлыг зохицуулах хэрэгтэй болсон аж.

Түүнчлэн цагдаагийн алба хаагчаас авч хэрэгжүүлдэг галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, баримт бичиг шалгах, орон байр бусад газар нэвтрэн орох, үзлэг хийх зэрэг үйл ажиллагааг журмаар зохицуулж байгааг өөрчилж хуулиар зохицуулах шаадлагатай бий болсон юм байна.

Цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, нийгмийн баталгааголон улсын хэм хэмжээ, бусад улсын туршлагыг судалж, Монгол орны онцлог, эрх зүйн системд нийцүүлэн, алба хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан бүлгийг өөрчлөн найруулахаар төсөлд тусгажээ. Түүнчлэн цагдаагийн цолыг “албан тушаалын цол” байсныг өөрчилж, албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан олгодог болгохоор, цагдаагийн алба хаагчаас авч хэрэгжүүлдэг галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, баримт бичиг шалгах, орон байр бусад газар нэвтрэн орох, үзлэг хийх зэрэг үйл ажиллагааг зохицуулсан бүлгийг шинээр нэмсэн аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, 3000 хүнд нэг цагдаагийн хэсэг үйлчилж ажилладаг дэлхийн дундаж жишиг байдаг. Харин Улаанбаатар хотод нэг хэсэг 10-15 мянган хүнд үйлчилж байна. Цагдаагийн алба хаагчийн хүртээмж муу байна. Дээр нь энэ алба эдийн засгийн хувьд дутмаг. Шинэ хуулиар энэ асуудлыг зохицуулах уу гэж тодруулсан. Хууль зүйн сайд Д.Дорлигжав, нийслэлд хүн ам олноор суурьшсанаас цагдаагийн албан хаагчдын ачаалал хэтэрч байгаа. Харин 3000 хүн амтай суманд 1 хэсгийн байцаагч, нэг цагдаа ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын хөрөнгийн бололцоогүй байдлаас болоод хэргийг шалгах явцад иргэдээс гомдол гарах тохиолдол ч бий. Тиймээс төсөв хэлэлцэх үед цагдаагийн зардал, төсвийн талаар онцгой анхаарах хэрэгтэй байна гэж хариулсан. Энэхүү хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн.

Дараа нь Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдэд танилцуулсан юм.

DSC_4102Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталж мөрдүүлсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд уг хуулинд 8 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан хэмээн сайд хэлсэн.

Хуулийн төсөлд прокурор нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хараат бус байдалд нь халдсан аливаа дарамт, шахалт, нөлөөллийн талаар дээд шатны прокурорт мэдүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг шинээр оруулсан байна.

Прокурорын нийгмийн баталгааг тусгахдаа прокурор ажиллах хугацаандаа болон өндөр насны тэтгэврээ тогтоолгох, эмчлүүлэх, ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тахир дутуу болсон, бэртэж гэмтсэн тохиолдолд авах нөхөн төлбөр, буцалтгүй тусламжийн хэмжээг тодорхойлж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Тахарын албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулиудтай уялдуулан тогтоожээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар асууж тодруулсан. Тэрбээр хуулийн төсөлд Прокурорын байгууллага Дэмжлэг үзүүлэх албатай байхаар тусгажээ. Энэ алба хуучнаар Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах алба гэж ойлгож болох уу хэмээн лавласан. Хууль зүйн сайдын хэлснээр, прокурор нэг хэрэгт хяналт тавих шатанд хүндрэл гарах тохиолдол байдаг бөгөөд ийм үед Дэмжлэг үзүүлэх албанд хандан мөрдөн шалгах ажиллагаа явуулах юм байна. Түүнчлэн хуучнаар прокурорын дэргэд ажиллаж байсантай адил тусгай нэгж албыг байгуулан ажиллуулах бодолтой байгаа хэмээн сайд хариулсан. Энэхүү хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм.

Дараагийн асуудал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль зүйн сайд Д.Дорлигжав төслүүдийн талаар танилцууллаа.

2002 онд УИХ-аас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталж, улмаар иргэд газар өмчлөх боломж бүрдэж, тус хуулийн 27 дугаар зүйлд “иргэнөмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах” эрхтэй байхаар заасан.

Түүнчлэн 2012 онд батлагдсан Агаарын тухай хуульд “гэр хорооллын өрхийн газрыг барьцаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар уул уурхайн баялгаас бий болох хөрөнгөөс урт хугацаатай, бага хүүтэй зээлийг олгож үл хөдлөх эд хөрөнгө, барилга, орон сууц барих бололцоо, нөхцөл бүрдүүлэх” нь агаарын бохирдлыг бууруулахаар тодорхой үе шаттайгаар авах арга хэмжээний нэг болж тусгагдсан байна.

Иргэний хууль, 2010 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийн дагуу газар барьцаалах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон хэдий ч гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийн хангуулахад заавал шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагууд газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байгаа аж. Иймд газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалтыг бий болгох, мөн үл маргах журмаар үүргийг гүйцэтгэлийг хангахаар гэрээгээр тохиролцсон тохиолдолд шүүх хурдавчилсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг бий болгох шаардлага гарч ирсэн байна.

Хуульд тусгайлан заасан, талууд гэрээндээ барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулахаар харилцан тохиролцсон бол шүүх нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулан захирамж гаргасны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах одоогийн зохицуулалтыг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд газар барьцаалсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулж болох, мөн нотариатын мэдэгдэх хуудсыг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан бол барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдах зохицуулалтыг шинээр нэмж тусгажээ.

Нотариатын тухай хуульд нотариатч төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эд хөрөнгийг гаргуулахаар талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээг гэрчлэхдээ мэдэгдэх хуудас үйлдэхээр зааж, энэ зохицуулалт дээр талууд үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар барьцааны зүйлээс гаргуулахаар тохиролцсон бол мөн мэдэгдэх хуудас үйлдэхээр нэмж тусгасан байна.

DSC_4101Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар, Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Насанд хүрээгүй хүүхдийн газрыг барьцаалах асуудлыг нарийн авч үзэх хэрэгтэй. Иргэд газраа барьцаалах эсэх нь тэдний асуудал. Гэхдээ хүүхдийн газрыг барьцаалах асуудлыг хуулиар хязгаарлан, тэдний эрхийг хамгаалах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэц 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хийсэн дунд суудлын хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. …” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд … Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. …” гэснийг зөрчсөн байна хэмээн үзсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх дээрх шийдвэрийг хүлээн авах боложгүй хэмээн үзсэн юм.

Хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн цахим нэгдсэн сүлжээ бүрдүүлэх тухай Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төсөл байв. Тогтоолын төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав. Дээрх тогтоолын төсөл батлагдсанаар гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагааны зөвшөөрөл олгох, эрүүгийн хэрэг үүсгэх, түүнд хяналт тавих, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүртгэл зэрэг мэдээллийг нэгдсэн санд байршуулан харилцан мэдээлэл солилцох замаар хууль, шүүхийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын оролцоо сайжирч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэлтийн талаарх нэгдсэн цахим мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх боломжтой болох юм байна.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд, Төрийн бүх байгууллагууд нэг протоколоор ажиллах нэг системд оруулах ажлыг Дэлхийн банкны зээлээр хэрэгжүүлэх төсөл явж байгаа. Тогтоолын төсөлд шүүх, хуулийн байгууллагуудыг дээрх системд оруулах гэсэн саналыг нэмэх хэрэгтэй гэсэн санал гаргасан бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, дээрх техникийн шинэчлэлийг хийхэд зориулан тодорхой үе шаттайгаар зардлын асуудлыг шийдэх гэсэн заалт нэмэх санал гаргасан. Байнгын хорооны гишүүд тогтоолын төсөлд дээрх саналуудыг нэмэхийг дэмжин тогтоолыг баталлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …