Gogo.mn интернет сайтад 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Сэлэнгэ аймагт хоёр хүн сураггүй алга болжээ” нэртэй мэдээлэл гарсан бөгөөд “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр, 12 дугаар точик нэртэй газарт голын усанд хүн нас барсан байдалтай олдлоо” гэсэн иргэний мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас эрүүгийн хэрэг үүсгэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн Ч-ийн цогцос болохыг тогтоосон ба талийгаач нь 2014 оны 10 дугаар сард айлд очино гэж хэлж гэрээсээ гарч яваад 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр голын уснаас нас барсан байдалтай олдсон байна.
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийж гаргасан дүгнэлтээр талийгаачийн биед учирсан гэмтэл тогтоогдоогүй, нас барах үедээ дунд зэргийн согтолттой, живэлтийн улмаас амьсгалын зам усаар бөглөрч нас барсан болохыг тогтоожээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.